Thursday, December 18, 2008

Их гүрнүүдийн харилцаа-1

Ази тивийг тэр дундаа Хятадыг энэ зууны гол тоглогч болно хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэж, энгийн сонирхогчид битүүхэндээ болгоомжлон.., юутай ч судлаачдын бүтээл туурвилын дийлэнх нь энэ сэдвийг хамраад нэлээд хугацаа өнгөрч буй нь нэгийг бодогдуулаад сонирхол татаж эхэлсэн юм.
Тиймээс хэд хоногийн өмнө `энэ зуун Азийн болон Хятадын зуун болно гэж итгэж байгаа бол Хятад-Япон хоёр түүхэн шийдэгдээгүй асуудлаа нэг мөр болгоогүй нөхцөлд `үлгэр` болж магадгүй` гэсэн сануулгын өнгө аястай зүйл уншаад энэ хоёр их гүрний хооронд байнга хэрүүлийн үндэс болж байдаг газар нутгийн маргаан, түүхийн болон Тайвантай холбоотой асуудлуудыг сонирхохоор шийдсэн юм.

Хятад, Японы харилцааг ерөнхийд нь доорх үеүүдэд ангилж болно.

1. Эртний үе: Мэйжийн шинэчлэл хүртэл;
2. Мэйжийн шинэчлэл (1868)-Дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918);
3. 1918 -Дэлхийн хоёрдугаар дайн (1939-1945);
4. Солонгосын дайн (1950-1953)-Дипломат харилцаа тогтоох хүртэл (1972);
5. 1972 - Тянь Ань Миний хэрэг (1989-06-04);
6. 1989 - Шинзо Абэ (2006-10);
7. 2006 - өнөөг хүртэл.
Дээрх үечлэлээр харилцааг авч үзэхэд одоогийн хоёр орны харилцааны төвөгтэй бөгөөд хамгийн ужгарсан асуудал нь газар нутгийн маргаан.

Газар нутгийн маргаан: газарзүйн аливаа асуудлыг шийдэхдээ маргаантай талуудын түүхэн эх сурвалж дээр үндэслэдэг, бэрхшээлтэй аливаа маргааныг зохицуулах хамгийн боломжтой арга хэмээн үздэг irredentism байдаг. Энэхүү нэр томьёог 19-р зууны дунд үеэр Италийн үндсэрхэг үзэлтнүүд нэгдсэн Итали улсыг байгуулахын тулд гаргаж ирэн Горизиа, Триестэ, Трентино, Истриа, Тицино, Нисэ, Корсика, Малта болон Өмнөд Тирол зэргийг Австри, Швецарь, Франц болон Английн хяналтнаас авахдаа хэрэглэж байсан. Италийн энэхүү байдлаас харахад irredentism нь түүхэндээ үндэслэн газар нутгаа тэлэх гадаад бодлогын нэг хэрэгсэл болох нь харагдаж байгаа юм. Ойрын жишээ гэвэл; хүйтэн дайн төгссөнөөс хойш 1994 оны дунд үе хүртэл (салан тусгаарлах хөдөлгөөнийг оруулан-secessionism) 65 орчим байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Салан тусгаарлалт хэмээх хашилтанд хийсэн нэр томьёог тайлбарлавал irredentism-с өөр ойлголт. Энэ нь доороос дээшээ (bottom-up) чиглэсэн хандлагатай үйл явдал бөгөөд нэг улсын бүрэлдэхүүнээс гарах болохоор тэр бүр Олон Улсын байгууллага (ард нь нөлөө бүхий гүрэн байхгүй л бол) болон эзэн улсынхаа сайхан занг хөдөлгөж чаддаггүй. Түүхээс аваад үзэхэд амжилттайгаар салан тусгаарласны нэг жишээ бол 1965 онд Сингапур улс нь Малайзын Холбооноос тусгаар тогтносон явдал. Хэдийгээр дээрх 65 гэсэн тооны дийлэнх нь ямар нэгэн арга замаар шийдэгдсэн ч магадгүй ойрын хугацаанд шийдэгдэж чадахгүй маргаантай асуудлуудын зах зухаас доор жагсаавал;
1. Еирусалим (Палестин): Израйл-Палестины ард түмэн,
2. Курилийн арлууд: ОХУ-Япон,
3. Спретли болон Парасел арлууд:Хятад, (Вьетнам),Тайван- Брүнеи, (Малайз), Филиппин,
4. Тайван: Хятад-Тайван

За одоо үндсэн асуудал руугаа орохгүй бол гэхдээ миний дээрх irredentism -н талаар тодруулсан нь хоёр их гүрэн маань арлын маргаанаа энэхүү арга замаар шийдэхээс өөр аргагүй гэдгийг л хэлэх гэсэн санаа.

1990-ээд оны үед Дайоюу бүлэг арлын (8 жижиг арлаас бүрддэг) хамгийн том дээр нь гэрэлт цамхаг засч байсан Японы зургаан иргэнд Тайван, Хонконг дахь хятад гаралтай үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцлээ илэрхийлснээр Японы тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчин сарын турш тэдэнтэй ширүүн мөргөлдөөнд орсоны эцэст Деивид Чен гэгч нас барсны дараагаас хоёр улсын засгийн газрууд шийдвэрлэх арга зам хайн түүхэн баримтууд судалж эхэлснээр энэ асуудал хүчтэй яригдах болсон юм.

Маргаантай арлуудын тухай товчхон;

Дайоюу гэдэг нь Хятадаар, Сенкаку нь Японоор нэрлэсэн.
Газарзүйн хувьд: зүүн уртрагын 123`25-124`45, хойд өргөргийн 25`40-26`00, Тайванаас зүүн хойш 200 км, Окинава мужаас баруун тийш 300 км, эх газрын Хятадаас зүүн тийш 400 км-т оршдог бөгөөд доорх найман арлаас бүрддэг.
1. Diaoyu Dao
2. Huangwei Dao
3. Nan Xiaodao
4. Bei Xiaodao
5. Chiwei Dao
6. Chong Beiyan/ Dabei Xiaodao
7. Chong Nanyan/ Danan Xiaodao
8. Feilai Dao

Дээрх бүлэг арлууд хэзээнээс эхлэн ямар шалтгаанаар Япон, Хятад улсуудын нүдний цөцгий мэт нандин зүйл болчихвоо гэхлээр;
1. Эдийн засгийн ашиг сонирхол- 1969 онд анх байгалийн нөөцтэй болох нь тогтоогдонгуут; (2006 онд) Япон бол дэлхийн 2-дахь газрын тосны хэрэглэгч, Хятад 3-дахь; байгалийн хийг оруулан эрчим хүчний хэрэглээгээр 2-т Хятад, 3-т Япон орж байгаа болохоор эрэлтээ хангах нөөц зайлшгүй шаардлагатай.
2. Геополитикийн ашиг сонирхол- Тайванаас 200, эх газрын Хятадаас 400-хан километрт оршдог нь Хятадын хувьд хэрвээ энд цэргийн баазаа байрлуулвал харуулын цамхаг; Японы талд бол баазаа байрлуулвал Хятадын толгойд буу тулгаастай л гэсэн үг. Ийм учраас ямар ч нөөцгүй байсан ч Хятад бол хэзээ ч татгалзаж чадахгүй ч байсан, чадахгүй ч байх болно.

Тэгэхээр түүхээ авч үзэхээсээ өмнө аливаа маргааныг шийдвэрлэдэг Олон Улсын Шүүх болон Олон Улсын эрх зүй яагаад хүчгүйдээд байна гэдгийг цухас дурдвал;
1. Олон Улсын эрх зүй бол гарал үүслээсээ л өрнөдийнхний хэтэрхий нэг талыг барьсан үзэл санаа шингэсэн байдаг болохоор ганцхан эрх зүйгээр олон зууны өвөрмөц түүх, соёл, үзэл санаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргээрээ ялгаатай улсуудын асуудлыг шийднэ гэдэг бол боломжгүй гэж үздэг.
2. Аливаа маргааныг Олон Улсын Шүүх шийдэхээр болвол маргаантай талууд хүсэлт тавьсны дагуу ажилдаа ордог. Тэгээд ОУШүүх Олон Улсын эрх зүйг үндэслэн шийдвэр гаргадаг учраас Хятад, Япон улсууд нь тэр дундаа Хятад улс 1-т тайлбарласан шалтгаанаар ОУШ-д хүсэлт гаргадаггүй.
Тиймээс шийдвэрлэх хамгийн боломжтой арга зам болох irredentism-ээ авч үзвэл;
Нэрний гарал үүсэл:Хятадаар Дайоюу Ю (Ю нь хятадын түүхэнд арал гэсэн үгийг илэрхийлж байсан) бөгөөд хятадын ардын аман зохиолд анх дурдагдсан үгс боловч хэзээнээс арлыг нэрийдэх болсон бэ гэхлээр; 1532 онд тухайн үеийн Мин улсын элч Чэн Кан Рюукюугийн Эзэнт улсад очсон тэмдэглэлээ 1534 онд гаргахдаа дээрх арлуудын талаар тодорхой бичсэн байсан болохоор энэ үеэс эхлэн Дайоюу арлууд хэмээн нэрийдсэнийг зөвхөн хятадын тал ч бус японы газарзүйч Хаяаши Шихеи `эдгээр арлууд бол Хятадын газар нутгийн нэг хэсэг` хэмээн тэмдэглэсэн байдаг байна.Харин Японы тал эдгээр арлуудыг Сэнкакү Рэтто (せんかく列島) хэмээх бөгөөд энэхүү нэр 1900 оноос л хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд эртний түүх судлах юм бол нээсэн, нэрлэсэн гэхчлэн Хятадын талд хандлагатай байдаг боловч Японы талаас `ямарваа нэгэн зүйл эзэндээ эдийн засгийн ашиг өгч байвал түүнийг хөрөнгө гээд, бусад этгээдүүдийн ч сонирхол давхцдаг` гэдгээр 1884 онд Кога Тацуширо анх загасны нөөцтэй болохыг нь тогтоон, бусдыг (1909 он гэхэд 99 гэр бүл, цагаачид 248 байсан) ч дагуулж 1930-аад оны Хятад Японы хурцадмал байдал хүртэл аж ахуй эрхэлж, харин 1930-аад оны дунд үеэс эдгээр арлуудыг Окинава мужид нэгтгэн Японд харьяалагдаж, 1952 онд Америкийн мэдэлд шилжин цэргийн ажиллагаа явуулах хүртэл урдны адил идэвхгүй байдалд шилжээд байсан болохоор идэвхтэйгээр ашиглах эх үүсвэрийг нь манайх санаачилсан хэмээн зүтгэдэг.Үнэхээр ч 1879 онд одоогийн Окинава муж, 1895 онд Тайван арлуудынхаа хамт Японд шилжсэнээс хойш Хятадын зүгээс маргаантай арлуудыг оруулан Зүүн Хятадын тэнгист ямар ч идэвхтэй үйл ажиллагаа явуулах гэж оролдоогүй нь үнэн. Нөгөөтэйгүүр маргаантай арлуудыг төвөггүйгээр эзэмшилдээ оруулах боломжуудыг Хятад удаа дараа алдсан буюу доорх аль ч гэрээнд тэдгээрийг тодорхой дурдаж өгөөгүй нь том алдаа болсон юм.
Үүнд;
1. 1943-12-01 Кайрийн Тунхагт `Япон улс нь Дэлхийн Нэгдүгээр дайнаар олж авсан Номхон Далайн бүх арлуудаас татгалзаж тэр дундаа Хятадаас булааж эзэмшсэн Формоза (Тайвань), Пескадорс болон түрэмгийлсэн бүхий л нутаг дэвсгэрийг буцааж өгөх`;
2. 1945-07-26 Потсдамын Тунхаглалд `Японы газар нутаг нь Хоншю, Хоккайдо, Кюүшю, Шикокү болон бусад жижиг арлуудаар хязгаарлагдана`
3. 1951-09-08 (1952-04-28) Сан Францискогийн Энхийн Гэрээнд `Япон нь Формоза болон Пескадорсийн бүх арлуудаас татгалзана` нөгөөтэйгүүр ` АНУ нь бусад эзэнгүй арлуудыг эзэмшээд цэргийн сургууль бэлтгэл хийх эрхтэй` гэж байхад Хятадын талаас юу ч дуугараагүй зөвшөөрсөн.
4. 1952 оны Хятад, Япон улсуудын хоёр талын энхийн гэрээнд мөн л Дайоюу арлуудын нэр дурдагдаагүй.
5. 1972-09-29 Дипломат харилцаа тогтоох хамтарсан мэдэгдэл. Аливаа бүрэн эрхт улсууд маргаантай асуудлаа дипломат харилцаа тогтоохдоо л эцэслэн шийдвэрлэдэг байтал энэ хоёр тухайн үеийн олон улсын харилцааны нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү асуудлыг хойш тавьсан.
6. 1978 оны Хятад Японы хооронд энхийн гэрээ байгуулахад мөн л хойш нь тавьсан.
Ийнхүү хамгийн маргаантай асуудлаа хойч үедээ үлдээсээр байтал 1990-ээд оны эхэн үеэс асуудал улам хурцаар тавигдах болсон. Энэ нь гэрэлт цамхгийн эсэргүүцлээс эхлэн, Тайван, Хонконг, Өмнөд Солонгос болон Азийн бусад буюу Японы түрэмгийлэлд өртөж байсан улсууд эсэргүүцлээ илэрхийлэн энэ үеийн АНД-н асуудал ярвигтай болж ирсэн. Бусад улсууд яагаад дургүйцлээ илэрхийлсэн гэхээр - 1990 оны 8 сарын 2-ны өдөр Ирак Күвеит рүү халдан довтолсноор Персийн булангийн дайн эхэлж Япон энэхүү дайнд Нэгдсэн Үндэсний Байгууллагийн дүрмийн дагуу гэсэн нэрээр Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш анх удаа гадаад руу цэргийн багаа илгээсэн нь түүхийг санагалзуулж эхэлсэн юм. Гэвч Японы талаас манайх энхийг эрхэмлэсэн Үндсэн Хуулиндаа ямар ч өөрчлөлт оруулаагүй, санаа зовох шаардлагагүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Түүнчлэн 1992 оны 2 сарын 25-нд Хятад Улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдалтай холбогдуулсан хууль батлахдаа түүндээ Дайоюу болон бусад арлууд дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулсан бүрэн эрхтэй гэх утгын зүйл багтаасан нь дахин хэрүүлийг өдөөсөн ч энэ үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Хятад, Япон улсууд нь тэгтлээ муудалцах шаардлагагүйгээр хойшлуулсаар 2001 онд Японы Ерөнхий Сайд Жүничиро Койзүми хоёр улсын харилцааг таслан 2006 онд Шинзо Абэг гарч иртэл асуудал хөлдүү чигээрээ байсаар энэ оны 10 сард Абэ сайд Хятадад, 2007 оны 4 сард Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Вэн Зиабао Японд, мөн оны 12 сард тухайн үеийн Японы Ерөнхий Сайд Ясуо Фукуда Хятадад болон 1998 онд Хятадын төрийн тэргүүн Зиань Земин айлчилснаас хойш арван жил завсарлаад байсан дээд хэмжээний айлчлалыг Ху Жинтао 2008 оны 5 сарын 6-10-ны өдрүүдэд `урин хавар` хэмээх айлчлалынхаа туршид хэд хэдэн чухал асуудлуудыг хөндсөний нэг нь Зүүн Хятадын Тэнгисийг (маргаантай арлууд) хамтран ашиглах тухай `Хамтарсан мэдэгдэл`-ийг гаргасан явдал байсан юм.
Энэхүү маргаантай асуудлын хамгийн нааштай шийдэх ганцхан арга зам нь irredentism гэж бодож байтал доорх байж болох хувилбаруудаас хамгийн боломжтойгоор нь асуудлаа шийдсэнийг дээр орууллаа.
1.Хамтран ашиглах: 1990-ээд оны үед асуудал ид хурцаар тавигдахад Хятадын талаас үүнийг санал болгож байсан ч Япон болгоомжтой байр сууринаас татгалзсан. Учир нь тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаас Японд Курилийн маргаантай дөрвөн арлаа энэ арга замаар шийдэх саналыг үгүйсгэж байсан юм.
2. Нэг талыг барьсан Японы хандлага.
3. Түүхийн баримтанд тулгуурласан Хятадын шийдвэр.
4. Хятад-Японы гуравдугаар дайн: Хятад бол батлан хамгаалахын төсвөө жил тутам өсгөн тэр дундаа тэнгисийн флотынхоо зэвсэг техник, ур чадварт байнга анхаарч байгаа болохоор цаг хугацаа өнгөрөх тусам энэ арга Хятадын талд үр дүнтэй тусч магадгүй ч ийм байдалд хүрвэл Америк холбоотныхоо үүргийн дагуу Японы ард дуртайяа зогсох болно бас энэхүү үймээнийг далимдуулан Тайвань, Төвд, Шинжаан Уйгур зэрэг нь салан тусгаарлах боломжтой учраас энэ замыг сонгохгүй л дээ.

За а ийнхүү газар нутгийн маргаантай байдал нэг удаадаа л намжлаа.

No comments:

Post a Comment