Monday, December 22, 2008

Зулын 25

Өнөөдөр 2008 оны 12 сарын 22-ны Даваа гариг.
Арлын Япон орны нийслэл Токиогийн амьдрал өрнөдгөөрөө л... гүн бодол тээж урагшаа ширтсэн, сонин гарчиглаж галт тэрэг хүлээсэн, очих буудлаа сонсон дэншянд зүүрмэглэсэн, бугуйн цагаа харан яаран хөлхөлдсөн түмэн олон. Энэ дунд би гэдэг хүн `усыг нь уувал ёсыг нь дагана` гэгчээр хэн нэгэнд саад төвөг учруулчихвий гэсэн байртай биеэ хумих олны адил хурдалсаар сургууль-хичээл-байр гэсэн маршруттай л өдрийг өнгөрөөвшивдээ... Өнөөдөр сүүлчийн хичээл ороод өвлийн амралт эхэлчлээ тэгэхээр бодож төлөвлөсөн зүйлээ ч зангарагтай сайхан амжуулаад авна а гэсэн шүү юм бодон эргэцүүлсээр өрөөндөө орж ирэнгүүтээ л рефлэкс аятай ПС-гээ асаадаг юмдаа. - Хээ, Амараа эгч маань торойж байнаа цаачинь гэтэл өнөөдөр Өвлийн эхэн сарын шинийн 25 буюу Зулын 25-н гэнэ э. Мэдэлгүй өнгөрөөхөө шахжээ. Энэхүү өдрийг ч ээж ааваасаа холдсоноос хойш жам ёсоор нь тэмдэглээгүй удаж дээ. Хөдөө байхад ч учрыг нь мэдэхгүй мөртлөө л сайхан тэмдэглэж өнгөрөөдөгсөн: өдөр нь хавсай оролцуулан боов хийгээл орой нь ээж маань зул өргөн гэрийнхээ зүүн хойд талын хошлонгоос зүүчихээд, гүзээтэй тосоо хагалан хувь тараасны дараа айл хотлоороо орон хувь болгон тос боовоо авах ч сайхан ч байж одоо, бүр ирээдүйд үр хүүхэддээ ярих дурсамж л болон үлдэх нь дээ.
Зулын 25-ны учир нь Шар малгайтны тэргүүн Зонхов хэмээн олонд алдаршсан Лувсандагва гээчийн хорвоод мэндэлсэн хийгээд нас барсан өдөр давхацсан гэдэг ч төрсөн өдөр нь бол яг тодорхойгүйл юм гэнэ.
Ээж маань `миний охин бурхан багшийн зулайд нь харьяалагддаг юм шүү, зүрхэн тарнийг нь ямарваа болж бүтэхгүй зүйл тохиолдсон үед уншиж байгаарай` гэж хэлдэг боловч би гэдэг чинь `шинжлэх ухаан, техник технологи бүхнийг шийдэх үед амьдарч байхад тийм сонин зүйлээр өөрийгөө хуурах нь ...` гэж зүтгэдэг тэрсүүд үзэлтэн байгайн. Гэхдээ хувьдаа шашин шүтэх болон эс шүтэх нь бол эрхийн асуудал харин шашны нөлөө 21-р зуунд болон аливаа бодитой хөгжил дэвшилд хүмүүсийн сэтгэхүйг эерэг хөхүүлэн дэмждэг үү аль эсвэл мохоон унтраадаг уу гэдэг дээр л эргэлздэг юм. Нэг зүйл уншиж байхнээ `Бурхны сургаалийн эцсийн зорилго нь амьтан бүгдэд тусалж, өөдлүүлж, бурхан болгох явдал. Бурхан болно гэдэг нь гэгээрэхийн нэр.` гэнэ. Тэгээ л гэгээрнэ гэдэг нь яг одоогийн бодит амьдрал дээр яахыг хэлэх юм болоо гэж бодож байтал Ошо Ражниш (1931-1990) хэмээх энэтхэгийн гэгээрсэн их мастерийн хэлсэн `Гэгээрэхээс өмнөх 7 хоногт би бүх эрэл хайгуулаа зогсоож ямар нэгэн зүйлд тэмүүлэхээ больж итгэл найдвараа алдсан` гэх ишлэл олдохын. Зарим нь ч гэгээрэл нь бясалгалын дээд хэлбэр гэж хэлсэн л байдаг л даа. Миний хувьд бол `Алдахгүйн төлөө бус ялахын төлөө амьдарна` хэмээх үзлийг баримталдаг болохоор бясалгал хийнэ энэ тэр гэж цаг алдаад байх шиг санагдахын.
Юутай ч өөрөөсөө бусдад гэм хор учруулахгүйгээр явбал л хүн бүр өөрөө өөртөө бурхан гэдэг дүгнэлтэн дээрээс доорх 10-н хар нүглээс үйлдэж байснаа ухааран уучлал гуйчихлаа. Гэмээ ухаарна, аливааг уучилна гэдэг бол томоохон сэтгэлгээний гэгээрэл юм болов уу.
1. Амь таслах
2. Эс өгснийг авах
3. Буруу хурьцал
4. Худал ярих
5. Хов ярих
6. Ширүүн үг хэлэх
7. Чалчих
8.Шунаглах
9. Үзэн ядах
10. Буруу үзэл

No comments:

Post a Comment