Tuesday, January 27, 2009

Япон, Хятадын харилцааны шийдэгдээгүй асуудал - 2

Ясукуни сүмийн асуудал: сурах бичгийн асуудлаар үймсэн харилцаа `нөхөрлөл, хамтын ажиллагаа` хэмээх сайхан үгээр халхлагдсан ч удалгүй дахин хэрүүл мандсан юм.

Энэ удаагийнх бол 19 дүгээр зууны хоёрдугаар хагасаас хойшхи дайнуудад эзэн хааны төлөө амь үрэгдсэн Японы 2,5 сая цэрэг, офицер, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд олон улсын шүүхийн шийдвэрээр дүүжлүүлсэн "А" зэрэглэлийн 14 дайны гэмт хэрэгтний нэрс бүхий дурсгалын самбар байдаг Ясукуни сүмд Японы ерөнхий сайд айлчлан тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэж мөргөл үйлдсэнээс үүдсэн маргаан.

Ерөнхий Сайд Накасонэ Ясухиро 1985 оны 8 сарын 15-ны өдөр Ясукуни сүмд зочилсноор дахин харилцаа муудах шалтгаан болсон хэдий ч сонирхолтой нь энэхүү айлчлал японы нөлөө бүхий хүмүүсийн анхных бус тухайлбал энэ сайд гэхэд л урд нь олон удаа энэ газар ирж байсан ч энэ удаа япон улс дайнд бууж өгсний 40 жилийн ойн өдөр учраас энэ үед хоёр орны гадаад худалдаанд хятад үргэлж алдагдал хүлээж, цаашид ч өсөх төлөв ажиглагдсанаас японы эмзэг цэгт нь дөрөөлж байгаад давуу байдлыг олж авах ээлжит төлөвлөгөө.
Сайдыг сүмд мөргөл үйлдсэний дараа Бээжингийн Их сургуулийн оюутны хотхонд ерөнхий сайдыг цэргийн хувцастай дүрсэлсэн шог зураг гарч, 9 сарын 18-ны өдөр буюу Япон улсын 1931 онд Манжуурт түрэмгийлсний ойн өдрөөр Бээжин болон Шинхуа их сургуулиудын мянга гариу оюутан Тянь Ань Миний талбайд цуглан `Японы милитаризм далд ор`, `Накасонэ далд ор` хэмээн уриа хашгиран эсэргүүцлээ илэрхийлж байсан хэдий ч `Бид Япон-Хятад хоёр орны харилцааг эсэргүүцээгүй, бид японы ард түмнийг ч эсэргүүцээгүй харин японы ноёрхлыг дахин сэргээх зорилготой милитаристуудыг эсэргүүцэж байна` хэмээн сонин хэвлэлд ярилцлага өгч байсан.
Энэхүү байдалд харин Хятадын эрх баригчид дахин харилцаандаа сэв суулгахаас болгоомжлон нухацтай хандсанаар шийдвэр гаргах түвшинд бол тэгтлээ ач холбогдол өгөөгүй.
Харин Японы тал маш их санаа зовж, 10 сарын 17-19-ний өдрүүдэд Ерөнхий Сайд дахин сүмд айлчлах төлөвлөгөөтэй байсан ч үүнийгээ цуцлан цааш цаашдын эрх баригчид энэхүү асуудал дээр нухацтай хандах нь зайлшгүй юм байна хэмээх дүгнэлтэнд хүрч байхад Либерал Ардчилсан намынхан `бид бүхэн үргэлж бусдын ааш занг олох гэж хичээх шаардлагагүй` хэмээн эсрэг байр сууринаас хандаж буйгаа илэрхийлж байсан.
Ясукуни сүмийн асуудлаар Хятадын албан ёсны байр суурийг Ху Яобан `Японы ард түмэн болон цэргийн гэмт хэрэгтнүүдийг ялгаж ойлгох нь бидний хувьд чухал бөгөөд өнгөрсөн түүхийг зөв үнэлэх хэрэгтэй юм` хэмээн мэдэгдэж үүний хариуд японы тал 11 сарын эхээр 503 хятад өсвөр насныхныг япон оронтой танилцах аялал хийлгэх болсноор энэ удаадаа намдсан юм.
Харин дахин 2001 онд Японы 89-дэх ерөнхий сайдаар сонгогдсон Жүничиро Койзүми албан тушаалдаа очсон дариугаасаа эхлэн 2006 он хүртэл 6-н удаа Ясукуни сүмд айлчилсны улмаас Хятад, Өмнөд Солонгостой өндөр дээд хэмжээний айлчлал тасран, маш их эсэргүүцэлтэй тулгарсны улмаас сайн дураараа огцрохоо мэдэгдэн 2006 оны 9 сарын 26-нд Шинзо Абэ дараагийн ерөнхий сайд болж дахин ийм алдаа гаргахгүйгээ мэдэгдэн, гадаад дахь анхны icebreaking айлчлалаа 10-н сард Хятадаар эхлүүлснээр хоёр орны 5 жил тасалдсан харилцаа сэргэх эхлэл тавигдан, 2007 оны 4 сард Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Вэн Зиабао Японд,12 сард нь тухайн үеийн Японы Ерөнхий Сайд Ясуо Фукуда хариу айлчлал болон 1998 онд Хятадын төрийн тэргүүн Зиань Земин айлчилснаас хойш арван жил завсарлаад байсан дээд хэмжээний айлчлалыг Ху Жинтао 2008 оны 5 сарын 6-10-ны өдрүүдэд `урин хавар` хэмээх айлчлалынхаа туршид Зүүн Хятадын тэнгист хамтран үйл ажиллагаа явуулахаар тэмдэглэснээс өөр ахиц гараагүй зүгээр л бэлэгдлийн шинж чанартай айлчлал болоод өнгөрсөн хэмээн судлаачид дүгнэж буй нь Ясукуни сүмийн асуудал тодорхой бус үлдсэн бөгөөд энэ хоёр улс цаашдаа бие биенээсээ хэрхэн харилцан хамаарахаас хэрүүл дахин үүсэх үгүй нь харагдах болов уу.

Япон, Хятадын харилцааны шийдэгдээгүй асуудал - 1

БНХАУ, Япон нь 1972 онд дипломат харилцаа тогтоон, 1978 онд Энх тайван, Найрамдлын гэрээ байгуулснаар хоёр улсын харилцаан дахь бүх асуудал шийдэгдлээ гэж үзсэн хэдий ч маргаантай асуудлуудаа хойч үедээ үлдээсний анхны илрэл болж 1982 оны зун анх түүхээ гуйвуулсан хэмээх сурах бичгийн асуудал гарч ирсэн юм. Энэ жил буюу 1982 онд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байсан учраас хоёр улсын иргэд түүхэн асуудалд эмзэг хандаж байсан.
Энэхүү сурах бичгийн маргаан гэдэг нь ямар учиртай гэхлээр:
Хятадын талаас дэлхийн хоёрдугаар дайны туршид хийсэн түрэмгийллээ гуйвуулж, сурах бичгээ гоёж чимсэн хэмээн Японы Боловсролын Яамыг эрс шүүмжлэн, 8 сард хийгдэх байсан Боловсролын Сайд Огавагийн айлчлалыг зогсоосон хэрэг юм.
Анх энэхүү маргааны үүсэл 6 сарын 26-нд хятадын нэгэн мэдээнд дурдагдан, 4 хоногийн дараа `японы сурах бичиг хятадын эсрэг хийсэн түрэмгийллээ гуйвуулан гоёж чимсэн байна.` хэмээн өдөр тутмын сонинд нийтлэгдээд л өнгөрсөн.
Энэ өдрөөс 7 сарын 19-н хүртэл дээрх байдлаар нийтэлснээс өөр байдал ажиглагдахгүйл байсан бол 20-ны өдрөөс эхлэн Японы Засгийн Газрын эсрэг эрс шүүмжлэх элдэв ажлыг эхлүүлсэн.
Дээрх байдалд хандан 7 сарын 28-нд Бээжинд суух Японы Элчин Сайд Ватанабэ `та бүхний түүхээ гуйвуулсан хэмээх шүүмжлэлийг хүлээн авсан` хэмээн мэдэгдэл хийсэн бол 29-нд Японы Засгийн Газрын санаатай зүйл огтхон ч биш бөгөөд энэхүү сурах бичгийг хувийн компани хэвлэсэн, ЗГ зөвхөн хөрөнгө оруулалт л хийсэн хэмээн мэдэгдсэн.
Харин хятадын талын эсэргүүцлийг Либерал Ардчилсан Намынхан дэндүү улсын дотоод хэрэгт оролцсон хэрэг хэмээн дургүйцсэн байр суурьтай байсан юм.
Хятадын талаас санал болгосны дагуу алдаагаа даруй засах талаар нэмэлт материал энэ тэр явуулж, Японы талаас ч хариуцлагатай байхаа амлан намдах тийшээ хандсаар эцсийн шийдвэр 9 сарын 8-нд Хятадын Гадаад Хэргийн Дэд Сайд Ву Ксуйкиан эцсийн тайлбарыг хийснээр шийдэгдсэн юм.
Энэхүү маргаантай холбогдон сонирхолтой асуудлууд тавигддаг. Үүнд:
1. Яагаад заавал энэхүү түүхийн асуудал хөндөгдсөн сурах бичиг дээр эрчимтэй төвлөрч эсэргүүцлийг илэрхийлсэн бэ?
2. Яагаад заавал 10 жилийн ой болон Ерөнхий Сайд айлчлах үеэр ийм хүчтэй хэл ам гаргах болсон бэ?
3. Яагаад заавал 19 хоног таг чиг байсны эцэст ширүүсэх болон Ерөнхий Сайд Сузуки айлчлахаар төлөвлөж байсан 9 сарын эхээр Японы Засгийн Газрын тайлбарыг хүлээн зөвшөөрөхөөр болсон бэ?
Тэхээр анхны хүчтэй эсэргүүцэл японы дэлхийн 2-р дайнд ялагдсан 8 сарын 15-ны өдрийн ойролцоо ширүүссэн, дашрамд хэлэхэд үүний зэрэгцээ өдөр тутмын сонинд дэлхийн 2-р дайны төгсгөлийг дурссан `Өнгөрснийг дурсах нь ирээдүйн багш` гэх аюултай өгүүллэг нийтлэх болсон. Дараагийн хүчтэй эсэргүүцэл гэвэл Япон дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсанаар Хятадад албан ёсоор бууж өгсөн 9 сарын 3-нд 2-дахь хүчтэй эсэргүүцэл эхэлж байгаа юм. Энэ өдөр бас нэгэн чухал нийтлэл гарсан нь `Хятад, Япон хоёр орны харилцааны үндсийг таслахад цэргийн хүч хэрэглэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй`.
Дээр дурдсаны дагуу бүхий л үйл ажиллагаа тодорхой төлөвлөгдсөн өнгөрсөн гашуун түүхтэй холбоотой цаг хугацааг сонгосон байсан бөгөөд нөгөөтэйгүүр сурах бичгийн асуудлыг энэ үед хурцаар авч үзсэн Хятадын байр суурийг дэлхийн дэг журам удахгүй өөрчлөгдөхийг харсан байдалтай холбон тайлбарлаж болно. Энэ нь; Хятадын Коммунист Намын 12-р Их Хурал 1982 оны 9 сарын 1-11-ний өдрүүдэд хуралдан, үүнд тавигдсан зарим нэгэн илтгэлээс Зөвлөлт Холбоот Улстай харилцаагаа сайжруулах сонирхолтой байгаа нь ажиглагддаг бөгөөд ингэж гадаад бодлоготоо эрс өөрчлөлт хийхийн тулд өрнөдийн империализм болон японы милитаризмийг эсэргүүцэж байгаа маягаар ард түмнийхээ сэтгэл зүйд нөлөөлөх нь чухал байсан.
Гэхдээ энэ байдлыг дүгнээд үзвэл японы талаас таагүй байдал илрэнгүүт л эмзэг цэг дээр нь дөрөөлж буулган авдаг хятадын ээлжит арга л байсан юм. Учир нь энэ үед японтой хийх гадаад худалдаандаа хятад жилээс жилд маш ихээр алдагдалтай хоцорч, цаашид ч өсөх хандлагатай байсан юм.
Япончуудаас энэ улсын иргэн болж төрсөндөө бахархдаг уу гэхэд 32% нь `үгүй` гэсэн хариулт өгсөн байгаа юм тиймээс өнгөрсөн түрэмгийллээ тэр чигээр нь хойч үеийнхнийхээ оюун ухаанд суулгахыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Хятад ч гэсэн цоо цэвэр ариухан биш учраас энэ хоёр улс түүхийн асуудал дээрээ хамтран шинжээч эрдэмтдийн багийг бүрэлдүүлэн аль аль талаа бодолцон асуудлыг шийдвэрлэх нь чухал.

Monday, January 26, 2009

Та ямар хариулт өгөх вэ?

Америк, Япончуудын доорх асуултуудад хариулсан байдалтай өөрсдийгөө харьцуулж үзвэл сонирхолтой санагдаж байна.
1. Энэ улсад төрсөндөө бахархдаг уу?
Америк - 74%(маш их) ; 23%(яахавдээ) ; 2%(үгүй)
Япон- 27%(маш их) ; 35%(яахавдээ) ; 32%(үгүй)
2. Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?
Япон: - гэр бүл- 42%,
- эрүүл мэнд- 17%,
- аз жаргал- 14%,
- үр хүүхэд- 10%,
- эд баялаг- 4%.
Америк: - гэр бүл- 21%,
- эрүүл мэнд- 24%,
- аз жаргал- 31%,
- үр хүүхэд- 6%,
- эд баялаг- 16%.
3. Та гэрлэсэн, салсан, бэлэвсэрсэн болон огт гэрлээгүй зэргээ тодорхойлно уу?

Америк:
- гэрлэсэн бөгөөд салж байсан удаагүй- 51%,
- хуулийн дагуу салсан- 29%,
- гэрлээгүй л байна- 21%.
Япон:
- гэрлэсэн бөгөөд салж байсан удаагүй- 74%,
- хуулийн дагуу салсан- 4%,
- хараахан гэрлээгүй байна- 23%.
4. Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?
Америкчууд (%): хүүхэдгүй - 28,
ганц хүүхэд- 14,
2 хүүхэд - 25,
3 хүүхэд - 15,
4 хүүхэд - 9,
5 хүүхэд - 5,
6 болон дээш - 4.
Япончууд (%): хүүхэдгүй - 23,
1 - 12,
2 - 43,
3 - 17,
4 - 3,
5 - 0,
6 - 0.
5. Та хүүхэдтэй юу?
Америкчууд (%): 0 - 28,
1 - 14,
2 - 25,
3 - 15,
4 - 9,
5 - 5,
6 болон дээш - 4.
Япончууд (%): 0 - 23,
1 - 12,
2 - 43,
3 - 17,
4 - 3,
5 - 0,
6 болон дээш - 0
6. Одоогийнхоо амьдралд сэтгэл хангалуун байна уу?
Америкчууд (%) - 83,
Япончууд (%) - 60.
7. Гэрлэлт нь санхүүгийн тогтвортой байдлыг бий болгодог гэдэгтэй санал нийлдэг үү ?
Бүх америкчууд - 100% санал нийлдэг - 3%, магадгүй- 14%.
Бүх япончууд - 100% санал нийлдэг - 20%, магадгүй- 21%.
Америк эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг - 3%, магадгүй - 13%.
Япон эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг - 21%, магадгүй - 21%.
8. Нөхөр нь гэр орон, үр хүүхдээ хараад, эхнэр ажил хийх бол зохимжгүй.
Бүх америкчууд - 100% санал нийлдэг- 7%, яахавдээ- 16%.
Бүх япончууд - 100% санал нийлдэг- 26%, яахавдээ- 12%.
Америк эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг- 7%, яахавдээ- 15%.
Япон эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг- 26%, яахавдээ- 11%.
9. Эрчүүдийн үүрэг бол мөнгө олох, эмэгтэйчүүдийнх бол гэр бүл, үр хүүхдээ асрах.
Бүх америкчууд- 100% санал нийлдэг - 5%, яахавдээ - 16%.
Бүх япончууд - 100% санал нийлдэг - 20%, яахавдээ - 19%.
Америк эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг - 5%, яахавдээ - 12%.
Япон эмэгтэйчүүд - 100% санал нийлдэг - 19%, яахавдээ - 17%.
10. Гэр орныхоо ажлыг хэрхэн хийдэг вэ?
Бүх америкчууд: ихэвчлэн эмэгтэй - 69%, хамтран - 25%, ихэвчлэн эрэгтэй- 4%.
Бүх япончууд: ихэвчлэн эмэгтэй - 93%, хамтран - 4%, ихэвчлэн эрэгтэй- 1%.
Америк эмэгтэйчүүд: ихэвчлэн эмэгтэй - 71%, хамтран - 25%, ихэвчлэн эрэгтэй- 3%.
Япон эмэгтэйчүүд: ихэвчлэн эмэгтэй - 93%, хамтран- 4%, ихэвчлэн эрэгтэй- 1%.
11. Доор дурдсан зүйлст итгэдэг үү?
Америкчууд(%): бурхан - 93, үхсэний дараах амьдрал - 70, сүнс - 88, чөтгөр - 65, там - 66, диваажин - 82.
Япончууд(%): бурхан - 37, үхсэний дараах амьдрал- 30, сүнс - 50, чөтгөр - 10, там - 17, диваажин - 23.
12. Гэрлэхээс өмнөх сексийн харилцааны талаар юу гэж боддог вэ?
Америкчууд(%) - байж боломгүй зүйл - 35, буруу ч гэлээ байж болно - 20, байх ёстой зүйл- 42.
13. Нууц амрагийг хүлээн зөвшөөрдөг үү?
Япончууд(%): хүлээн зөвшөөрдөггүй - 38, хүлээн зөвшөөрдөг - 54.
Америкчууд(%): хүлээн зөвшөөрдөггүй - 84, хүлээн зөвшөөрдөг - 8.

Wednesday, January 7, 2009

金王八幡宮-Коннохачимангү сүм


Өнөөдөр санаандгүй явж байгаад нэгэн сүмд айлчилчихлаа. Санаандгүй ч гэждээ шинэ байрнаасаа анх удаа хичээлдээ ирэх гэж жаахан зөрүү яваад, тэгээд нэг эгчээс асууж замдаа ороод жирийж байтал нүдний үзүүрт хуучны сүм харагдаад өөрийн эрхгүй хичээлээ таслах шийдвэрийг хэдхэн секундын дотор гаргахад хүргэчихсэн юм.
... Аргагүй л хуучных юмаа 1092 онд баригдсан харин гаднаас харвал тийм хуучны зүйл байгаа гэмээргүйгээр орчин тойрныг нь маш сайхан тохижуулсан ч хаалгаар оруут л хуучных нь нотлогдохоор юм. Хүмүүс ч зогсолтгүйл орж ирж харагдаж байлаа. Харж байхад тэд бүгд үүдний хавьцаа орших олсыг мушгиад дугуйруулсан цагираган дундуур хэд хэд ороод цаашлан гол сүмийн үүдэн дээр байх саванд мөнгө чулуудаж хийснээ дээр нь унжаастай үзүүртээ модтой дээрээ хонхтой санжлуурыг дуугаргаад хэсэг нүдээ анин мөргөж байна.
Цааш элдвийг харж явтал нэг самбар шиг зүйл байх гэхдээ самбараас өөр л дөө. Түүндээр жижиг дөрвөлжин модон дээр хүслээ бичиж өлгөж, бас цаасан дээр ч бичсэн байсан. Тэдгээр бичсэн зүйлсүүдийг харж байхад ихэвчлэн сая шинэ он буюу японоор 2009 оны 1 сарын 1-нд өлгөсөн бөгөөд шинэ ондоо сайн сайхан, аж жаргал, гэр бүл найз нөхөд гэх мэтчилэн байхад гэтэл сонирхолтой нь одоо миний сурч байгаа сургууль буюу Аояама Дайгакү-д заавал оруулж өгөөч гэсэн хүсэлт нэлээд байхын. Инээд ч хүрэх шиг. Үүнийг хараад хүмүүсийн магтаад байдгийг хүлээн зөвшөөрсөн гэвэл яах уу кккк. Энэ сургуульд сурч байгаа гэхээр л あたまがいい、えらいгээд л сүйд болдын. Эдгээр үгнүүдийг ярианы хэлэнд хөрвүүлвэл гавал, мундаг гэж болох ч бидний хувьд бол эсрэгээр нь ойлгомоор. Гэвч энэ япончууд иймэрхүү магтаалын болон талархлын үгсийг бол өдөр тутам хэрэглэдэг онцлогтой. Тийнхүү бичээстэй хүслүүдийг ерөнхийд нь ойлгочихоод, өөрийнхөө ч хүслийг бичээд зогсож байтал хажууд л хоёр хүн ирснээ нэг нь л 一番上にгээл дээшээ цоройгоод байх шиг л аахилаад, ярилцаж буйг нь сонсвол нэг нь Палестин хүн болтой ярианд нь Израйль, Америк, нас барсан гэдэг үгс л олон давтагдсанаа уйлж эхэллээ. Хажуудах миний сэтгэл ч сонин болоол явчлаа а.
Өөрийнхөө бичсэнийг өлгөх зуураа тэрхүү уйлж буй хүний хүслийг хараад авсан гэжүгаа. Гэтэл үнэхээр өрөвдөлтэй зүйл бичсэн байсан. 
I wish all of Peace in this world, specially for Palestina. Laila.
Сүүлийн үеийн дэлхийн мэдээг хальт сонсож байхад дахин нэг дайн. Гэхдээ энэ бол зүгээр ч нэг Израйль, Палестин хоёрын хоорондох л мөргөлдөөн биш. Цаашдаа магадгүй Америк, Ираны дайн болж хувираад дэлхийн 3-р дайн ч болох бүрэн боломжтой. Яагаад гэхлээр хэзээнээсээ л дэлхийгээр тэнүүчилсэн еврэйчүүд гэнэтхэн л Палестинчуудын нутаг дэвсгэрээс булаагаад тусгаар тогтнолоо зарлачихсан болохоороо Америкийн нөлөө, сүр хүч алдраагүй цагт бол дээрх асуудал үнэн зөвөөр шийдэгдэж чадахгүй. Хэдийгээр удахгүй тангарагаа өргөн ажилдаа орох Барак Обама энэ асуудал дээр урд урдын ерөнхийлөгчдөөс эрс өөр байр суурь баримтлахаа илэрхийлээд байгаа хэдий ч аливаа улс үндэсний язгуур эрх ашгаа л бодох нь ойлгомжтой.
Ийнхүү нар зөв тойрон гарах замд Tokyo 2016 Candidate city гэж бичсэн ногоон, улбар шар, ягаан, улаан тууз байна. Нээрээ бодохноо; Найман жилийн дараа болох Зуны олимпийн 31-р наадмыг зохион явуулахаар 10 гаруй хот өрсөлдсөнөөс Бразилийн Рио де Жанейро, АНУ-ын Чикаго, Испанийн Мадрид, Японы Токио хотууд тунан үлдээд байгаа бөгөөд энэ дөрвөөс хэн нь азтан болж, 2016 оны Олимпийг зохион явуулах эрх авах вэ гэдэг нь ирэх 2009 оны 10-р сарын 2-нд Данийн Копенгаген хотноо болох Олон Улсын Олимпын Хорооны чуулганаар эцэслэн шийдвэрлэгдэх юм. Эдгээрээс Бразилийн Рио де Жанеиро, Испанийн Мадрид, Японы Токио хотууд магадлал багатай гэж тооцогдож байгаа. Учир нь 2012 оны 30-дахь Олимп Английн Лондонд учраас ийм ойрхон юугэж дахин Европт зохиохов. Токиогийн тухайд ч адил, хэдийгээр 1964 оны олимпыг зохиож байсан ч 8-хан жилийн дараа дахин Азид болохгүй байх. Өмнөд Америкт Олимпийн Наадам болж байсан түүхгүй учраас Бразил гэж магадгүй. Гэвч 2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ улсад учраас 2-хон жилийн дараа энэхүү нүсэр наадмыг нэр төртэй өнгөрөөхийн тулд эдийн засгийн боломж нэлээд шаардагдах болно.
Ийнхүү өвлийн амралтаа дуусгаж хичээлээ эхлүүлэх гэтэл сүм дуган сонирхон хадуурсан өдөр байлаа.

Monday, January 5, 2009

Их гүрнүүдийн харилцаа-2.2

Ийнхүү чухал асуудлуудаа хойч үедээ үлдээсэн Хамтарсан Мэдэгдлээр Хятад, Японы хооронд дипломат харилцаа тогтож, Шанхайн Тунхаглалаар Хятад, Америк нь харилцаагаа сайжруулснаар олон улсын харилцаа болон Зүүн Хойд Ази дахь хүчний тэнцвэрт эрс өөрчлөлт орж, Зөвлөлт Холбоот Улсын гол өрсөлдөгч болчихоод байсан Хятадын гарт бүх хөзөр шилжсэнээр ЗХУ хоёр толгойтой бүргэд шигээ бодлого баримтлахаас аргагүйд хүрсэн юм. Тухайлбал: Японтой эдийн засгийн харилцаагаа улам эрчимжүүлэх, АНУ-Японы аюулгүй байдлын гэрээг дэмжихгүй ч шүүмжлэхээ зогсоон, Зүүн Европд чиглэсэн Вилли Брандтын Остполитикийг дэмжих болон Америктай хурцадмал асуудлуудаа шийдэх гэх мэт.
Япон хэдийгээр Хятадтай харилцаагаа сайжруулсан ч ЗХУ-тай харилцах харилцаандаа сэв суулгахыг хүсээгүй учраас Хятадтай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсныхаа дараа буюу 10-н сард нь Гадаад Хэргийн Сайд Масаёоши Охираг Москвад айлчлуулан хятадтай ийм үр дүнд хүрснээ зөвөөр ойлгуулах гэсэн боловч Зөвлөлтийн эрх баригчид сэтгэл ханамжгүй байсан.
Үнэхээр, Хятад энэхүү тоглоомд 100% хувь ялалт байгуулж, гол нь Зөвлөлтөд том цохилт өгч, мөн Японтой худалдаа, иргэд харилцан зорчих, усан тээвэр болон загасны худалдааны гэсэн дөрвөн гол хэлэлцээрт хүрч 1975 оны 8 сарын 15-н гэхэд уван цуван гэрээнүүдэд гарын үсэг зуралцсан хэдий ч, энх тайван найрамдлын гэрээний `жанжлалын эсрэг` хэмээх зүйл дээр эсрэг байр суурь баримталсаар 1978 он хүрснийг доор дэлгэрүүлвэл:
1972 оны 9 сарын 29-нд хамтарсан мэдэгдлийг үзэглэхдээ л хоёр орны хоорондох харилцаа цаашид ямар ч саадгүй байхын үндэс болсон энх тайван, найрамдлын гэрээг байгуулах нь зүйтэй гэдэгт тохиролцон, 1974 оноос урьдчилсан хэлэлцээрүүдийг эхлүүлсэн ч шууд ЗХУ-ын эсрэг чиглэсэн `жанжлалын эсрэг` хэмээх зүйлийг Японы тал хүлээн зөвшөөрч чадахгүй байхад Хятадын зүгээс үүнд нь хариулахдаа `энэхүү зүйл бол тэгтлээ асуудал үүсгэхгүй яагаад гэвэл `жанжлалын эсрэг` гэдэг зүйл 1972 оны Япон-Хятадын хамтарсан мэдэгдэл болон мөн АНУ-Хятадын Шанхайн Тунхаглалд ч тусгагдсан` гэхэд Японы талаас гэрээ бол өөр асуудлаа л гэж хариулж байсан. Энэ тухай Зөвлөлтийн талаас ч бүхийл аргаар Японд ийм зүйл дээр нэг талыг баримталж найрсаг харилцаандаа сэв суулгахвий гэж удаа дараа сануулснаар улам ч хатуу байр суурь баримтлах болсон. Ингэсээр 1976 оны туршид бол хоёр улсын дотоод асуудлуудаас шалтгаалан энэ асуудал хойш тавигдаж байсан бол 1977 он гарсаар Тайваний талыг баримтлагч Ерөнхий Сайд Такео Фукуда мөн Зөвлөлттэй загасны худалдааны тал дээр хэлэлцээрт хүрэх замдаа явж байсан зэргээс Японы талаас дорвитой алхам хийхгүйгээр дараа оныг эхлүүлэн, харин 1978 оны 1 сард Фукуда Парламентдаа үүнийг шийдэх цаг нь болсныг мэдэгдсэнээр 2 сараас Бээжинд албан бус хэлэлцээр эхэлсэн ч 4 сард үүссэн Сенкаку (Дайоюу) арлын хэргээс үүдэн тасалдан, басхүү арлын асуудлыг хэлэлцээртээ оруулах гэсэн Японы шаардлагыг асуудал улам л сунжрахыг мэдэж байсан Хятадын тал хүлээн аваагүй юм. Сунжирсан хэлэлцээр 7 сарын 21-нээс 8 сарын 5-ны хооронд эрчимтэй үргэлжилсээр гэрээний гол бэрхшээл болсон `жанжлалын эсрэг` хэмээх зүйлээ элдвээр тайлбарласаар эцэстээ Японы Гадаад Хэргийн Сайд Сонода 8 сарын 8-нд Хятадад айлчилснаар эцэслэн шийдвэрлэгдэн, 10 сарын 18-ны өдөр Японы Парламентын хоёр танхим сайшааж, 23-ны өдөр хоёр талын төлөөлөгчид Токиод гэрээг харилцан солилцсоноор Энх Тайван, Найрамдлын Гэрээ байгуулагдсан түүхтэй.
Хэрхэн маргаантай асуудлаа шийдсэн гэдэг бас их сонин.
Японы тухайд:
1. Улс төрийн шалтгаан: энэхүү асуудлыг хурдан шийдэхийг ард түмэн болон эсрэг намууд шаардах болсон. Үүнийг хүлээн авахаас өөр замгүй Фукудагийн хувьд яагаад гэвэл энэ жил (1978) сонгууль болох байсан учраас нэр хүндээ сэргээж, байр сууриа бэхжүүлэх.
2. Эдийн засгийн шалтгаан: Америк болон Өрнөдийн худалдааны гол түншүүдээс нь хориг тавиад, тиймээс Хятад хэмээх том зах зээлийг түрүүлж эзлэх.
3. ЗХУ-тай газар нутгийн маргаантай асуудал: Хятадтай энэхүү гэрээг байгуулснаар 4 арлаа хялбар буцаагаад авчихаж магадгүй гэж горьдсон.
4. Амбиц: олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлж, нэр хүндээ өсгөх.
5. АНУ-ын ятгалга: энэ хоёр ийнхүү гэрээг байгуулснаар АНУ-Хятадын харилцаа бэхжих.
Хятадын хувьд:
1. Эдийн засгийн ашиг сонирхол: Японы хөрөнгө оруулалт, зээл тусламжийг их хэмжээгээр авч хурдан хөгжих.
2. ЗХУ-ын эсрэг: улс төрийн бас эдийн засгийн хувьд ганцаардуулах.
3. Олон улсын тавцанд нэр нөлөөгөө өсгөх.

Дээр дурдагдсан шалтгаануудаар 8 жил маргалдсан `жанжлалын эсрэг` хэмээх зүйлдээ зөвхөн `бусад бүс нутагт` хэмээх холбоо үгийг нэмэж өгснөөр л шийдэгдчихэж байгаа юм.
Сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс англи хувилбарыг нь орууллаа.
1972 оны хамтарсан мэдэгдэлд: The normalisation of relations between China and Japan is not directed against third countries. Neither of the two countries should seek hegemony in the Asia-Pacific region and each country is opposed to efforts by any other country or group of countries to establish such hegemony.`
1978 оны гэрээнд: The contracting Parties declare that neither of them should seek hegemony in the Asia-Pacific region or in any other region and that each is opposed to efforts by any other country or group of countries to establish such hegemony.
Гэрээг товчхон авч үзвэл:
Оршил, 5 зүйлээс бүрдэх бөгөөд оршил хэсэгтээ Ази тив цаашлаад дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах үүднээс хоёр орны энх тайванч, нөхөрсөг харилцааг хөгжүүлж улам бэхжүүлэх; зүйл 1-т: хоёр талын харилцаа Панчишилагийн таван зарчимд үндэслэх; 2-т: дээр дурдсан жанжлалын эсрэг; 3-т: хоёр талын эдийн засаг, соёлын харилцаагаа улам хөгжүүлж, хоёр орны иргэд солилцоог дэмжих; 4-т: ямар ч гуравдагч орны эсрэг чиглээгүй учраас бусад улстай харилцахад нөлөөлөхгүй; 5-т: гэрээг үзэглэж, харилцан солилцсоноор хүчин төгөлдөр болох бөгөөд 10 жилийн хугацаатай, гэрээний сунгах нөхцөл зэргийг тодруулж өгсөн.
Дээрх гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө Зөвлөлт Холбоот Улс л утгагүй зүйл хэмээн ганцаараа эсэргүүцэж, Японд эсэргүүцлээ илэрхийлэн Токиогоос Элчин Сайдаа эргүүлэн татах, япончуудад виз олгохоос татгалзах, загасны худалдааны хэлэлцээрээ таслах болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрс шүүмжлэх зэрэг гэрээг цуцлах бүхий л аргыг хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй. Үүнийхээ дараа хэт эсэргүүцэж байж Японы санааг эргүүлчихвий хэмээн болгоомжлон аядуу бодлого баримтлах болсон.

Үнэхээр л жанжлалын эсрэг хэмээн тусгасан анхны олон улсын хүчин төгөлдөр гэрээ болсон учраас ЗХУ-ыг ялж чадсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс төр, сэтгэлзүйн бэлгэ тэмдэг гэж хэлж болно.

Үргэлжлэл бий

Sunday, January 4, 2009

Их гүрнүүдийн харилцаа-2.1

Түрүүчийн бичлэгтээ олон улсын харилцааны гол тоглогчид болох Америк, Зөвлөлт, Япон болон Хятадын хувьд гарцаагүй л системийн дэг журамд өөрчлөлт оруулахаар тус тусын бэрхшээлтэй тулгараад байсныг товчхон дурдаад орхисон болохоор одоо жаахан дэлгэрүүлээд гол сэдэв рүүгээ оръё гэж бодлоо.
Тэгэхээр Хятадын тухайд бол бүр 50-аад оны сүүл үеэс л Их үсрэлт гэгчийн бүтэлгүй санаанаас шалтгаалан эдийн засаг нь доройтчихсоны улмаас Японы эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүртчих санаатай байдаг аргаа хэрэглэж байсан ч Либерал Ардчилсан намынхны санааг нэг л эргүүлж чадахгүй л байтал гол холбоотонтойгоо санаа зөрөлдсөөр 1969 онд зэвсэгт мөргөлдөөнд хүрчихсэн; Япон бол бас Америкийн нөлөөнөөс гарах, багтаамжтай шинэ зах зээл зэрэг зайлшгүй шаардлага байхад; АНУ-ын хувьд Вьетнамын дайныг нааштай шийдэж чадахгүй сунжруулсаар хэмээн олон нийтийн шийдвэр гаргагч нартаа итгэх итгэл алдарчихсан, дээр нь Японтой хийх худалдаа үргэлж алдагдалтай гараад; Зөвлөлт Холбоот Улсыг авч үзвэл гол холбоотон Хятадтайгаа харилцаа муудсан тул Японтой харилцаа гайгүй болсныг эс тооцвол бараг ганцаардах шинжтэй харагдах болсон.
Энэхүү байдлын шийдэлд Америкийн талаас анхны алхмыг хийсэн нь Ричард Никсон ерөнхийлөгчийн сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт Вьетнамын дайныг төгсгөнө гэж оруулснаар БНХАУ-тай харилцаагаа сайжруулахаас аргагүйд хүрсэн бөгөөд үүнийг ч Хятадын зүгээс соргогоор тусган авч хожим Пин-пон дипломат ажиллагаа хэмээн алдаршсан америкийн ширээний тэннесний багийг 1971 оны 4 сарын 11-17-ны өдрүүдэд Хятадад айлчлуулан, мөн оны 7 сард Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөх Хэнри Киссинжерийн нууц айлчлалыг амжилттай хийлгэн, дараа жил нь ерөнхийлөгч Ричард Никсоныг айлчлуулснаар Хятад үнэхээр оновчтой алхам хийж зөв тоглож чадсан.

Хэнри Киссинжерийн нууц айлчлал болон 1972 онд ерөнхийлөгч Ричард Никсон Хятадад айлчлахаар болсон хэмээх 1971 оны 7 сарын 15-ны мэдэгдэл Японы хувьд байж боломгүй зүйл байсан ч одоо бол нэгэнт АНУ-аас түрүүлж хөдлөх л цор ганц зам үлдсэн байсан ч Ерөнхий Сайдаар америк, тайваний талыг тууштай баримтлагч Эйсакү Сато байсан болохоор нэг л явцгүй.
Дээрх байдал ч ЗХУ-д Японтой улам ойртохгүй бол гэсэн сэдлийг өгснөөр 1972 онд Зөвлөлтийн Гадаад Хэргийн Сайд Андреи Громико Японд айлчилсан нь ЗХУ-ыг ганцаардуулах зорилготой байсан Хятадыг улам ч хурдан хөдлөх хэрэгтэй болгосон.
Японы тухайд бол угаасаа л Хятадтай хурдан хугацаанд харилцаагаа хэвийн болгох шаардлагатайг ард түмэн ч тэр, сөрөг намууд ч тэр дэмжиж байсан болохоор Эйсакү Сато огцрохоос аргагүй байдалтай болж, дараагийн ерөнхий сайдаар 1972 оны 7 сарын 7-ноос Какуэй Танака ажиллах болсноор асуудал шийдэгдэх зам засагдан, мөн оны 9 сарын 25-30-ны өдрүүдэд Хятадад төрийн айлчлал хийх явцдаа 29-ны өдөр есөн зүйлт Хамтарсан Мэдэгдэлд гарын үсэг зурснаар `хууль ёсны цор ганц Засгийн Газар бол БНХАУ-ын ЗГ, Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг` зэргийг хүлээн зөвшөөрснөөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтож, харилцан элчин сайдаа солилцох болсон. Гэхдээ хоёр талын дэндүү яарсан шийдвэрээс шалтгаалан газар нутгийн маргаантай асуудлаа авч үзэхийг хүсэлгүй хойш нь тавьсан. Мөн Хятадын байнга шахуу сөхдөг байсан Америк-Японы болон Япон-Тайваны аюулгүй байдлын буюу холбоотны гэрээний талаар дурдаагүйн учир нь ЗХУ-ын зүгээс ямар нэгэн түрэмгийлэл үйлдэгдвэл холбоотныхоо үүргээр тэд бүхэн туслах болно гэж хятадын эрх баригчид бодсон юм.

Үргэлжлэл бий

Төрсөн өдрийн мэндчилгээ

1 сарын 4-ны өдөр хайрт эгчийн минь төрсөн өдөр учраас юуны түрүүнд төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд дуртай дуугаар нь ая дууны мэндчилгээ дэвшүүлэхээр шийдлээ.

Харанга хамтлаг, гоцлол дуучин Х. Лхагвасүрэн
Манан
Алс (алс алс) хол хүний нутагт
Ээжийгээ эрхлэнхэн зүүдэллээ
Таныг тэнгэрийн нартай хамт (хамт, хамт)
Талын цэцэгстэй хамт (хамт, хамт)
Талбиун нутагтайгаа зүүдэллээ эээ
Од (од) болж тэртээд харвасан
Аавтайгаа золгонхон зүүдэллээ
Нарыг ..... хамт (хамт), долоон бурхадтай хамт
Үүрийн цолмонтой зүүдэллээ эээ хэээхээ өөө өөө өөө
:Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талаараа наадан зүүдэллээ
Энэ л насандаа очиж зүүдэллээ ээ ээж минь өө өө өө
Унаган нутгаа дурсан зүүдэллээ
Онгон сарьдиг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир Туулаа зүүдэллээ аа аав минь өө өө өө өөөөө
Харь (харь) хол хүний нутагт
Хайртыгаа тааланхан зүүдэллээ
Чамайг тэнгэрийн сартай хамт
Тэнгэрийн эрхэстэй хамт өнгийн солонготой зүүдэллээ эээ өөө өөө өөө
:Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талаараа наадан зүүдэллээ
Энэ л насандаа очиж зүүдэллээ ээ хайрт минь өө өө өө
Унаган нутгаа дурсан зүүдэллээ
Онгон сарьдиг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир Туулаа зүүдэллээ хайрт минь өө өө өө өөөөө
......аааааа аааааааа
Эх нутгаа санан зүүдэллээ

Энгүй талаараа наадан зүүдэллээ
Энэ л насандаа очиж зүүдэллээ хайрт минь өөө өөө өөө
Унаган нутгаа дурсан зүүдэллээ
Онгон сарьдиг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир Туулаа зүүдэллээ хайрт минь өөө өөө өөө
...... аааааа аааааааа

өөөөө өөөөөө өөөөөө өө

Нас ойролцоо болохоороо багадаа бол их хэрэлддэг байсан гээл ээж хааяа инээдтэй дурсамж ярьдын. Ээжийн эхэлж, эгчийн дэмжиж буйгаар бол ихэнх хэрүүл маргааны эх үүсвэр нь надаас үүдэлтэй болж таардаг юм шүү. Би их эз дийлэмтгий бөгөөд дураараа эрх хүүхэд байсан гэсэн тиймээс дуртай зүйлээ авах гэхээр нь өхгүйл бол уйлчихдаг. Аав ээж миний уйлж байгааг мэдэх л юм бол заавалчгүй эгчийг загнадаг, харин тэр хоёрыг байхгүйд уйлуулчихаар иртэл нь уйлж байгаад заавал загнуулдаг онцгүй эрх хүүхэд байсан гээл гомдол мэдүүлдийн. Харин том болсоор ч дээрх байдал эгч дүүсийн хувийн яриа энэ тэрээр эрс солигдсон болохоор том эгчээсээ илүү л ойр дотно байдаг юмдаа.

Өнөөдөр төрсөн өдрөөр нь далимдуулан багадаа олон удаа хэлмэгдүүлж байсан бол одоо 100% цагаадаж буйгаа мэдэгдээд, ийм эгчтэй болж төрсөн би их азтай, танийг төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн хамгаас хайрт аав ээждээ баярлалаа гэхэд ч багадна даа гэж хэлмээр байна.

Saturday, January 3, 2009

Их гүрнүүдийн харилцаа-2

Ази тивийн хоёр их гүрэн Хятад, Япон нь Энх тайван, Найрамдлын Гэрээнд 1978 онд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосноор Япон улсын дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгөх хүртлээ Хятадын ард түмэнд учруулсан түрэмгийллийн хор хохирлыг цайрууллаа гэж үзсэн юм.
Тэгэхээр, 1978 онд энэхүү гэрээг хоёр тал санал нэгтэйгээр хүлээн зөвшөөртөл багагүй хугацаа шаардах саад тотгор байсныг товчхон авч үзвэл доорх болно.
Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс бууж өгснөө мэдэгдэн 1945 оны 9 сарын 8-ны өдөр бууж өгөх гэрээ, 1951 оны 9 сарын 8-нд Сан Францискогийн Энхийн Гэрээ хэмээн нэрлэгддэг Дэлхийн хоёрдугаар дайны Холбоотон гүрнүүд болон бусад улсуудтай Япон улс нь дайныг нэг мөр эцэс болгож буй гэрээ болон үүнтэй нэг зэрэг Америкийн Нэгдсэн Улстай Энх Тайвны гэрээ буюу Холбоотны гэрээг тус тус байгуулж, мөн Тайван дахь Бүгд Найрамдах Хятадын Засгийн Газартай АНУ-ын шахалтаар 1951 онд Энх Тайвны гэрээнд гарын үсэг зурснаар Хятадын талаас (эх газрын Хятад) сэтгэл дундуур бөгөөд байнга шүүмжлэл чулуудах болсны эх үүсвэр болсон юм. Тухайлбал; 1952 оны 5 сарын 5-нд Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Жоу Эньлай мэдэгдэхдээ `дээрх гэрээнүүд нь ямар ч баталгаагүй бөгөөд хүчин төгөлдөр бус, АНУ-Японы холбоотны гэрээ бол Японы миллитаризм дахин сэргэж, Хятад, Солонгос болон Азийн бүх ард түмэнд аюул занал учруулахын тод жишээ` хэмээж байсан. Нөгөөтэйгүүр эх газрын Хятад, Зөвлөлт Холбоот Улсын хооронд 1950 оны 2 сарын 14-ны өдөр Найрамдал, Харилцан туслалцах Холбоотны гэрээг байгуулчихсан байсан нь Японы талын үзэж буйгаар бол энэхүү гэрээ нь шууд л Японы эсрэг чиглэж байгаа учраас өөрийгөө хамгаалах чадваргүй энэ улс холбоотны гэрээндээ найдахаас өөрцгүй байсан.

1953-1957 оны хооронд Хятадын талаас - хоёр улсын харилцаагаа сайжруулах болон Японоос АНУ, Тайванийг холдуулахын тулд `ардын дипломат ажиллагаа`-г санаачилсан нь: 1957 оны төгсгөл гэхэд засгийн газрын бус хэлэлцээрүүд 30 гаруйг байгуулсан, хоёр ард түмний харилцан зорчсон байдал гэвэл:Хятадын талаас (ихэвчлэн жуулчид): 1954 - 10, 1955 - 112, 1956 - 142. Японы хувьд: 1954 - 100, 1955 - 847, 1956 - 1243, 1957 - 2000 гаруй.
Хятадад байсан 35000 Японы талын цэргийн гэмт хэрэгтнүүдийн 29000-г буцаасан.
Түүнчлэн, 1953 оны 9 сарын 28-нд Жоу Эньлай Японы Зөвлөхүүдийн Танхимын гишүүн Икүо Ояаматай уулзахдаа `Хятад Улс нь дэлхийн бүх улсуудтай дипломат харилцаа тогтоох хүсэлтэй, тэр дундаа Япон улстай` гэсэн бол 1955 онд Шинэ Делид хуралдсан Азийн орнуудын Бага Хуралд оролцсон Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Куо Мо-жо `Хятад, Япон хоёр улсын харилцаа хэвийн болоход бидний зүгээс шалтгаалах саад бол байхгүй, харин том бэрхшээл нь АНУ-ын бодлого байна.` Мөн 1955 оны 4 сард Бандунгийн Бага хуралд Жоу Эньлай оролцохдоо Энхээр зэрэгцэн Оршихын Таван Зарчим гэдгийг санаачилж, үүндээ Ази Африкийн улс орнуудыг тусгаар тогтнох болон ямар нэгэн гаднаас хараат бус байхыг уриалсан нь Япон руу шууд чиглээгүй ч нэгийг бодогдуулах гэсэн болов уу. Дээрхийн адилаар ихэвчлэн Хятадын талаас харилцаагаа сайжруулах санаачлагыг гаргаж байсан. Учир нь гэвэл Японы талд үзүүлэх АНУ-ын нөлөө болон удаа дараа Японы Засгийн Газрын шийдвэр гаргах түвшинд Либерал, Ардчилсан, Либерал Ардчилсан зэрэг Америкийн талыг баримтлагчид гарч ирж байсан юм.
Энэ явцдаа буюу 1956 оны 10 сарын 19-ний өдөр Ерөнхий Сайд Ичиро Хатояама `коммунист улстай дипломат харилцаа тогтоох нэг асуудал, түүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг өөр нэг асуудал` гэсэн хөөрхөөн тайлбар хийснээр Хятадаас түрүүлэн Зөвлөлт Холбоот Улстай дипломат харилцаа тогтоосон нь бас л их сонин үзэгдэл болов. Ийм шийдвэр гаргах болсон нь; Япон нэгэнт эдийн засгийн асуудлаа шийдэж чадсан болохоор одоо бол илүү олон улсын үйл хэрэгт оролцож нэр хүндээ өсгөхийг хүсэх болсон бөгөөд ингэхийн тулд Нэгдсэн Үндэсний Байгууллагад элсэх, элсэхийн тулд Аюулгүйн Зөвлөлийн Байнгын 5-ын нэг болох ЗХУ-ын саналыг авах нь чухал байлгүй яахав.

Үүнээс шалтгаалан Хятадын алхам улам эрс болсон хэдий ч 1957 оны 2 сараас Японы Ерөнхий Сайд АНУ, Тайванийг туйлшран дэмжигч Нобусукэ Киши болонгуутаа Тайвань, АНУ-д дараалан айлчлан, Вашингтон Д.С.-д мэдэгдэл хийхдээ `одоогоор бол Хятадтай улс төрийн харилцаагаа өргөтгөх бодолгүй байна` гэснээр, нөгөөтэйгүүр 1958 оны 5 сарын 2-нд Нагасакийн тугны хэрэг хэмээх үйл явдал болсноор бүх харилцаа тасарч Японы талын худалдаа бизнесийн алдагдал гэхэд л 650.000.000 иен болж, 40 япон иргэн буцаагдсан тоогүй хэрэг болсон ч Хятадын талаас харилцаагаа сайжруулах ямар нэгэн мэдэгдэл хийсээр л байсан. Тухайлбал: 1958 оны 8 сард Жоу Эньлай хоёр орны харилцаа сайжрах улс төрийн 3-н зарчмыг тодорхойлсон. Үүнд:
1. Хятадын эсрэг ямар нэгэн дайсагнасан бодлого баримтлахгүй байх;
2. БНХАУ-ын засгийн газар бол хууль ёсны цор ганц Засгийн Газар гэдгийг хүлээн зөвшөөрөх;

3. Хоёр улсын харилцаа хэвийн болоход саад учрахаар ямар нэгэн зүйл хийхгүй байх.
Гэтэл 1960 оны 1-р сард АНУ, Япон улсууд нь 1951 оны холбоотны гэрээгээ дахин авч үзсэнээр, 1961 оны 6-р сард Ерөнхий Сайд Хаяато Икэда АНУ-д айлчилснаар Хятадын зүгээс `Японы миллитаризм дахин сэргэж байна, цөмийн зэвсгийн асуудал Кэннэди, Икэда хоёрын хооронд яригдсан, Японы эдгээр үйлдлүүд бол Хятадад цаашлаад Азид том аюул учруулна гэдэг нь тодорхой` хэмээх шүүмжлэлүүд эрс ихэссэн. Ийнхүү хоёр орны улс төрийн харилцаа ээдрээтэй байсан хэдий ч аль алийнх нь зайлшгүй шаардлагаар Нагасакийн тугны хэргээс хойш худалдаа бизнес сэргэн, ардын дипломат ажиллагаа явагдаж л байсан . Жишээ нь: Японы талаас Хятадад зорчигчид 1961 онд 343, 1962 - 596, 1963 - 1778, 1964 - 2000 гаруй байж, 1963 оны 9 сарын 7-нд Японы түрэмгийллээс хойш анх удаа л Хятадаас 20000 тонн төмрийн хүдрийг Японд экспортлохоор тохиролцсон юм.
Үүний зэрэгцээ Зөвлөлт Холбоот Улс, Хятадын харилцааны үл ойлголцох байдал гүнзгийрч эхэлсэн. Энэ нь яах аргагүй Хятадын хувьд бол олон улсын тавцанд ганцаардах учраас бүхий л боломжит аргуудыг санаачилсны нэг нь ЗХУ, Японы хооронд эмзэг асуудал болох маргаантай дөрвөн арлуудын талаар хоёр орны харилцаанд яс хаясан өнгө аястай мэдэгдэл хийх болсон. Энэ нь: 1964 оны 7 сарын 10-нд Жоу Эньлай `Кунашири, Эторофү арлууд бол гарцаагүй Японых гэдгийг Хятад улс дэмждэг бөгөөд гэхдээ үүнийг өдөөн хатгасан хэмээн ойлгож болохгүй, зүгээр л чухал асуудлаа зөв шийдээсэй гэж хүссэн юм.` хэмээн мэдэгдэж байсан.
1964 оны 11 сарын 9-нд мөн л Америкийн талыг баримтлагч Эйсакү Сато ерөнхий сайд болсноор улс төрийн харилцаа тасарч байгаа юм. Үүний өмнөхөн 1964 оны 10 сард Хятад цөмийн зэвсгийн туршилт хийсэн нь Японд айдас төрүүлж холбоотондоо найдахаас аргагүйд хүргэсэн.
Жараад оны төгсгөл гэхэд бол олон улсын харилцаанд эрс өөрчлөлт орох тохироо бүрдчихээд байсан гэж хэлж болно. Юу гэхлээр; Хятадын соёлын хувьсгал, ЗХУ болон Хятадын харилцаа муудсаар 1969 оны хилийн мөргөлдөөн, Японы АНУ-тай хийх худалдаа америкийн талд алдагдалтай байсаар харилцаа хөндийрөх талдаа орсон болохоор багтаамжтай зах зээл шаардлагатай байсан, АНУ-ын тухайд Вьетнамын дайныг эцэслүүлж чадахгүйгээр ард түмнээсээ томоохон эсэргүүцэлтэй тулгараад байсан гэх мэтчилэн.


Үргэлжлэл бий