Thursday, April 21, 2011

Надад тусалсан бүгдийг үзэн ядаж байна...

...Сайхан эелдэг зан,өрөвдсөн харцаар хуяглан "туслах" зэвсгээр онилж байгаад хийж бүтээх хүсэл эрмэлзэл,оролдлого,өөрийгөө дайчлах чармайлт а хэрвээ алдсан бол унаж бүдрэх,тартагтаа тулах эрх чөлөөг минь харвасан та бүгдийг үзэн ядан бачуурч байна.
Дөнгөж сая "Сайтар эргэцүүл" жүжгийг үзчээд дээрхи солиорсон үнэнийг бичих зориг гарлаа л даа.
Тиймээ,инээсэн хөөрхөн зан гаргасан, юугаар ч дутаадгүй эрх чөлөөний хулгайчуудыг газар авахаас нь өмнө Стив шиг л буудан алахгүйгээр халз тулж өөрсдийгөө хамгаална гэдэг үнэхээр хэцүү хэцүү.
Хэдийгээр үнэхээр ач буян санаад тусалж байлаа ч өөрийнхөө хүчийг мэдрэх, шинэ авьяас чадвар бололцоог нээх хүсэл эрмэлзлийг нь зогсоож бүр явсаар урагшлуулах биш арагшлуулах бүр амьд үхдэл мэт болгох эх үүсвэрийг нь тавьж байдгаараа бүр аймшигтай.

За тэхээр миний зүгээс энэ бүгдийг ойлгосноос хойш бусдынхаа бүх зүйлийг хүндэтгэх, ямар "байсан" "байгаа" "байх" эрх чөлөө, сонголтыг дээдлэхээ амалж байна. Мөн энэ хэрээрээ миний эрхийг хөндөх гэсэн бусдаас дээрхийг шаардах болно.
ЭРХ ЧӨЛӨӨ=АЗ ЖАРГАЛ

Wednesday, April 13, 2011

Өөрийгөө хурцлахуй

Өөрийгөө хурцлах гэдэг нь бие махбод, оюун ухаан, билиг чанар, нийгэм/сэтгэл санаа гэсэн бидний мөн чанарын дөрвөн царааг бүгдийг нь тогтмол, шат дараалан, ухаалаг, тэнцвэртэйгээр дасгалжуулна гэсэн үг гэнэ.
Дээрхи мөн чанаруудаа хөгжүүлэхийн тулд БОДЛОГОТОЙ БАЙХ нь хамгийн чухал.

БИЕ МАХБОДЫН ЦАРАА:
Бие махбодын цар хүрээнд зүй зохистой хоол хүнс идэж, хангалттай амарч тайвшрах, тогтмол дасгал хийх зэргээр биеэ зөв, үр дүнтэй тордох багтана. Дасгал бол нэг их яаралтай биш болохоор нь бидний ихэнх маань хийгээд байдаггүйн улмаас эрт орой хэзээ нэгэн цагт эрүүл мэндээ хойшлуулах аргагүй хямралт асуудалд оруулчихдаг. Ихэнхдээ бид дасгал хийх хангалттай цаг байхгүй байна гэж үздэг нь өрөөсгөл ойлголт юм. Жишээ нь: 7 хоногт 3-6 цаг буюу багаар бодоход өдөрт 30 минут гаргах тухай л ярьж байна. Цаана үлдсэн 7 хоногийн 162-165 цагт асар их ач тустай нөлөөлөхийг бодолцоод үзвэл энэ нь тийм ч их хугацаа биш байгаа биз!

БИЛГИЙН ЦАРАА:
Билгийн цараагаа сэргээх нь таны амьдралыг удирдлага, залууртай болгодог. Билгийн цараа бол таны цөм, төв, эрхэм үнэт зүйлсийн бүрдэлдээ үнэнч байхуй юм. Миний хувьд агуу их хүч энерги мэдрүүлсэн ном унших, хөгжмийн суут бүтээлд автан умбасан үедээ сэргэн, хүч чадлаа сэлбэж, төвлөрөн, үйлчлэн зүтгэх зориг маань сэлбэгдэн билгийн шинэчлэлтийг мэдэрдэг. Зарим хүн байгаль дэлхийтэй харьцахаараа ийм мэдрэмжийг авдаг зэрэг янз бүр л байдаг байх. Тэгээд ер нь хийж байгаа аливаа үйлдэл чинь зөвхөн өөрийгөө яаж бөөцийлөх талаар санаа тавьдаг биш харин эерэг зөв сэдэлтэй байх юм бол ямар ч асуудалгүй.

ОЮУН УХААНЫ ЦАРАА:
Бидний олонх нь оюун ухааны хөгжил, сурч боловсрох үйл ажиллагааг албан ёсны сургалтанд даатгадаг. Тэгээд сургалтын гадаад хэлбэр болох сургуулиа төгсмөгцөө оюун ухаанаа хатингаршуулчихдаг. Бид чухал, гүн гүнзгий утгатай ном уншихаа больж, ажил үйлийнхээ хүрээнээс хальсан шинэ сэдвийг сонирхон судалж, задлан шинжилж үзэхээ байж, ядахдаа шүүмжлэх биш өөрсдийн аливааг илэрхийлэх чадвараа зүгээр л сорих үүднээс тунгаасан, товч тодорхой зүйл бичихээ ч байдаг. Үүний оронд зурагт ширтэн хамаг цагаа өнгөрөөдөгдөө.
Оюун ухааныг сэргээн хөгжүүлдэг хамгийн чухал зүйл бол оюун ухааныг байнга хурцлан тэлдэг тасралтгүй байнгын боловсрол юм. Тухайлбал: мундаг сэтгэгч нарын ертөнцөд нэвтрэх гол түлхүүр болох сайн зохиолууд унших. Тэгээд ч бодлоготой хүмүүс өөрийгөө боловсруулах өчнөөн олон арга замыг олдог. Оюун ухааны ирээ хурцлах өөр нэг хүчирхэг арга бол БИЧИХ. Бодол, туршлага, зөн, ухаарлаараа өдрийн тэмдэглэл юмуу блог бичих нь оюун ухааныг тодорхой, цэгцтэй, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн хардаг болгодог.

НИЙГЭМ/СЭТГЭЛ САНААНЫ ЦАРАА:
Бусадтай харилцаж буй харилцаанд бидний сэтгэл санаа, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж зэрэг нь онцгой биш юмаа гэхэд үндсэндээ илрэн гардаг учраас нийгмийн болоод сэтгэл санааны цараанууд хоорондоо нягт холбоотой байдаг байна.

... Жорж Бернард Шоу нэгэн удаа ингэж хэлсэн удаатай:
"Агуу хэмээн хүлээн зөвшөөрсөн зорилгынхоо төлөө өөрийгөө зориулна гэдэг амьдралын жинхэнэ баяр баясгалан билээ. Энэ хорвоо намайг аз жаргалтай байлгахын төлөө байдгаа зориулахгүй байна хэмээн гомдоллон, өвчин зовлон, гуниг гансралд автаж, хувиа хичээн түгшиж явдаг өчүүхэн амьтан байхын оронд байгалийн хүч нь бол. Амьдрал маань бүхэлдээ нийгэм, олон нийтэд харьяалагддаг гэж би үздэг болохоор хорвоод тоос хөдөлгөж буй цагтаа үүний төлөө чадах бүхнээ хийх эрхээ эдэлнэ. Насан эцэслэхдээ би хамаг байдгаа шавхтал ашигласан байхыг хүсч байна. Хэдийчинээ бэрхийг бүтээнэ төдийчинээ би сайхан амьдарна. Амьдарч байгаагийнхаа төлөө баяснам. Миний хувьд амьдрал гэдэг зуурхан асаад унтрах зул биш. Гартаа барьж буй хэдэн хоромдоо аль болох хурц дүрэлзүүлээд ирээдүй хойчдоо дамжуулах гайхамшигт бамбар билээ."

Бидний мөн чанарын дөрвөн цар хүрээ болох бие махбод, оюун ухаан, нийгэм/сэтгэл, билгийн чадавхиа сэргээн шинэчлэхдээ тэнцвэрийг баримтлах хэрэгтэй. Алийг нь ч дангаар нь сэргээсэн амьдралд чамгүй чухал нөлөөтэй боловч дөрвөн царааг бүгдийг нь ухаалаг, тэнцвэртэйгээр сэргээхийн төлөө хичээх юм бол хамаагүй илүү үр ашигтай. Харин аль нэг царааг орхигдуулан үл ойшооход үлдсэн гуравт нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг санаарай.

Стивен Ковей "Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал, зан чанарын ёс зүйг сэргээх нь" номноос өөрт тусгаж авснаа та нартайгаа хуваалцахыг хүссэн юм болгооно уу.

Monday, April 4, 2011

ЭРЧҮҮД ТА НАР БҮГДЭЭРЭЭ ИЙМ ҮҮ?

Сүүлийн үед эсрэг хүйстнээ илүү танин мэдэх чиглэл рүү ном, мэдээлэл уншаад байгаа. Гэтэл ихэнх нь миний баримталдаг зарчим, мөн чанартай зөрчилдөөд, энэ чигээрээ гүрийвэл ааш муутай, халамжгүй, эр тогтоодгүй нэртэйгээр нас өтлөх бололтой. Харин, эсрэгээр нь ямар байвал нөхөртэй байх вэ гэдэг дээр тодорхой жишээ дурьдмаар байна л даа.
Төрийн албанд гайгүй ажилтай ганц бие нэг залуу "Эмэгтэйчүүд та нар жаахан тэнэгдүү байх хэрэгтэйшдээ ер нь" гэж ам алдхаар нь ЯАГААД? чинь тэрээр "ухаантай бүсгүйчүүд биднээс хараат бус байхыг эрмэлзэж энэ байдлаа ч бий болгож чаддаг өөрийн гэсэн мөрөөдөл зорилготой, тэмүүлэлтэй бөгөөд хууль эрхээ мэддэг учраас гарт баригдаж үгэнд орохдоо хэцүү тиймээс ийм хүмүүс хоорондоо таарвал ар гэр, үр хүүхдээ хэн нь авч явах юм бэ?" гэж байгаа байхгүй юу.

Тэгэхээр ганц энэ залуу ч бус бүх эрчүүд эмэгтэйчүүд бидэн дээр дөрөөлж өөрсдийнхөө зорилгыг биелүүлэхийг хүсдэг нь ойлгомжтой. Зарим бүр муухай нь хайртай дуртай үхлээ хатлаа гэсэнд нь итгээд өөрийгөө зориулан, нөхрийнхөө төлөө гэсэн эмэгтэйчүүдийг биеэ зөнд нь хаясан, үс нь сэгсийгээд үрчлээ сууж сексийн таашаал амсуулж чадахгүй гэх зэргээр өөнтөглөн гараа гарган угааж өгсөн хувцсыг нь өмсөн залуу охидуудтай шалиглан завхайрах байдал хэвийн үзэгдэл болждээ... Иймэрхүү явдал "нийгэм нь ийм юм чинь" гэдгээр өөрийгөө хаацайлсан 30-40 насныханд түгээмэл юм шиг санагдсан. Аргачгүй л юм л даа гэр бүлийн хэрэгцээнээс гадна буудлын болон охидуудад кармааны мөнгө өгөх хэмжээний амьдрал нь тогтож байгаатай нь холбоотой.

Саяхан нэг ФМ-ээр янхандалтын тухай хэний буруу, яагаад бий болоод байгаа тухай ярилцаж байсан. Тэгээд сонсч байтал шууд утсанд нь дандаа эрэгтэйчүүд холбогдоод биеэ үнэлэлт бол хялбар аргаар мөнгө олох гэсэн эмэгтэйчүүдийн буруу, үүнийг багасгахын тулд Хятад, Тайландад байдаг шиг тодорхой гудамж юмуу шилэн хорго бий болгох нь зүйтэй гэж зөвлөж байгаамдаа. Үүнийг би 100% эсэргүүцсэн. Яагаад гэвэл: бүсгүйчүүд, ялангуяа, монгол эмэгтэйчүүд угийн цэвэр ичимтгий зангаараа хэдийд ч хаана ч эрчүүдийг эхэлж өддөггүй. Харин эрчүүд "улс төрөөр оролдохгүй бол улс төр намайг оролдоод байна" гэдэг шиг байдал үүсгэчээд эцэст нь бүх бурууг эмэгтэйчүүд рүү бухдаг хатуухан хэлвэл арчаагүй, дорой амьтад.

Та нар ч гэсэн ажиглаж л байгаа байх: чадварлаг, боловсролтой, жендэрийн мэдлэгтэй бүсгүйчүүд ганц бие эсвэл гадны иргэдийг сонгосон байгааг. Энэхүү үзэгдлийг монгол цусыг бохирдуулж, МОНГОЛ УЛС-ыг бусниулах мэтээр буруутгах нь ёстой тэнэглэл шүү.

Дүгнээд уриалахад ЭРЧҮҮД минь ээ! Эмэгтэйчүүд нь хүсэл мөрөөдөл зорилгоо эрхэмлэдэг эрин үе ирсэн шүү тиймээс "үс урт ухаан богино" хэмээн дарангуйлах гэсэн зүйр үг аль хэдийн хоцрогдсон, "бүсгүй та хэр сайн хоол хийж чаддаг вэ, өөрийгөө гэрийн сайн эзэгтэй гэж боддог уу" гэдэг асуулт доромжлол мэт сонсогддог болсон, харин, ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ ХЭРХЭН ЗОХИЦОЖ АМЬДРАХ ВЭ гэдэг талаар бодож, биеэ бэлдэх цаг болсон ш дээ.

Friday, March 11, 2011

Хэрхэн залуу сайхан насаа хадгалан үлдэх вэ?

...Бодит наснаасаа бараг 10 насаар залуу харагддаг нэг найз маань ийм залуу байгаагийнхаа нууцыг "хүүхэд насандаа байнга эргэн очиж байх" гэж хэлдэг нь үнэн шүү. Хүүхэд нас бол эхээс мэндэлсэн цэвэр ариунаараа байгаа үе. Томрох тусмаа чөтгөр шинжийг бүрдүүлсээр байдаг бөгөөд хааяадаа ч гэсэн тэр ариухан үедээ очиж байвал муу муухай зүйлс нимгэрэх боломжтой.Мөн тэрээр чин сэтгэлээсээ аливаад хандаж, инээж чаддаг.

Ер нь сүүлийн үед юунд ч санаа зовохгүйгээр тухтай сайхан дулаан гэртээ орон дээрээ хөлбөрч холбирон дуртай номоо унших шиг жаргал байхгүй мэт санагдаад байх болсон. Хоёр идэж хоосон хонохгүйл бол болоо мэт. Хүний шунал хязгааргүй тул юмтай болох тусмаа ахидаг, ахих тусмаа чөтгөр шинжийг улам төгөлдөржүүлдэг иуухай араншинтай тэгээд ч эцсийн эцэст нүцгэн ирсэн нүцгэн буцах хорвоо.

Харин эсрэгээр 5 жилийн өмнө бол сурна сурна сурна гээл хэзээ үхэхээ мэдэхгүй мөртлөө шинэ юм л сурч байвал болоо мэт амралт чөлөөгүй л лекц семинар номын сан гэх газруудаар өнждөг байждээ. Одоо бодоход тэнэг ч юм шиг.

Энэ цагийн миний амьдралын зарчим өнгөрсөнтэйгөө зууралдаж сэтгэлээ чилээхгүй, ирээдүйгээ харж өөрийгөө яаруулж адгахгүйгээр зөвхөн энэ хоромдоо л сэтгэлийн амар амгаланг олж байх.

Анхны дурсамж...

Тусгаар тогтносны 1 сарын ойн өдөр өнөөдөр. 2011.03.11

Манайх хэзээнээсээ л хөдөөний айл байсан бөгөөд намайг 5-р анги төгссөн зун хотод ажилладаг том эгч аав ээж 2-т зээ төрүүлж өгөхөөр болсон тухай мэдээг дуулгасан тэр даруйд сумаас аймгийн төв рүү шилжих гэнэтийн шийдвэрийг гаргаж байсан 12 жилийн өмнө.

Сумын сургуулийн 5-р ангийн охин хичээлийн шинэ жил эхлээд удаагүй тэр нэг намар анхны хайрын захиа авч байж билээ.
...Дунай мөрний хөвөөнд
Дуутай бороо шаагиж байна
Дурлаж бичсэн захианы минь
Дугаар №1 ... гээл хэд хэдэн бадаг шүлэг бичсэний төгсгөлд хоёулаа үерхэе гэсэн байсан. Цочирдсон би захиагаа эгчдээ үзүүлтэл "жоохон юм байж битгий маяглаад бай хичээлээл хий" гэж шууд загнуулсан. Захианы эзэн паралель ангийн хөвгүүн хариуг нь өгөөгүйд тэгдэг байснуу эсвэл өхөөрддөг байснуу мэдкү зүгээр явуулахгүй гэзэг үснээс татаж зулгаана, нүүрэнд шохой түрхэх зэргээр шоглодог байж билээ. Тэр үед тэдний ангид англи хэлэндээ сайн намхан туниа муутайдуу бор хөвгүүн шилжиж ирснийг хэлэндээ гайгүй гэдгээр нь л бүүр түүрхэн санадаг тэгээд ч хэдхэн сар болоод зуны амралт эхлээд дараа жил нь шинэ газар төвхнөсөн болохоор "тэр" хэн байсныг мэдэх завшаан тохиолдоогүй ээ.

Оюутан болсноос хойш тэр залуутай санамсаргүйгээр цөөхөн тааралдахад хэзээний сайн найзууд мэт илэн далангүй харьцдагт нь битүүхэндээ гайхдаг л байсан ч нэг нутгийнх учраас ингэж хөөрхөн загнадаг байх гэж боддог байлаа. Гэтэл "нөхөр" 5-р ангид шилжиж ирэнгүүтээ л надад дурлачихсан, би түүнийг нь анзааралгүй шилжиж яваад сураг алдарцгаасан байсан гэсэн түүний хэлж ярьж бичиж байгаа зүйлст миний сэтгэл гэдэг чинь уярах янзтай болохоор нь тавийн талыг насалсан хашир зангаараа шалгалтанд оруулаадтал шууд F авчихсан. Одоо харин, би тухайн үед шалгалтаа хэтэрхий чанга авсан эсвэл эрэгтэй хүн магадгүй иймэрхүү шалгалтыг давдаггүй байх гэж бодоод хэрвээ чин сэтгэлээсээ сэдвээ өөрийн болгочоод дахин асуугдвал боломж олгоно гэсэн бодолтой байгаа.

Гэнэн цайлган цагаан бага насны үйл явдлууд бүгд л хөгжилтэй дурсамжууд юм даа.