Monday, January 5, 2009

Их гүрнүүдийн харилцаа-2.2

Ийнхүү чухал асуудлуудаа хойч үедээ үлдээсэн Хамтарсан Мэдэгдлээр Хятад, Японы хооронд дипломат харилцаа тогтож, Шанхайн Тунхаглалаар Хятад, Америк нь харилцаагаа сайжруулснаар олон улсын харилцаа болон Зүүн Хойд Ази дахь хүчний тэнцвэрт эрс өөрчлөлт орж, Зөвлөлт Холбоот Улсын гол өрсөлдөгч болчихоод байсан Хятадын гарт бүх хөзөр шилжсэнээр ЗХУ хоёр толгойтой бүргэд шигээ бодлого баримтлахаас аргагүйд хүрсэн юм. Тухайлбал: Японтой эдийн засгийн харилцаагаа улам эрчимжүүлэх, АНУ-Японы аюулгүй байдлын гэрээг дэмжихгүй ч шүүмжлэхээ зогсоон, Зүүн Европд чиглэсэн Вилли Брандтын Остполитикийг дэмжих болон Америктай хурцадмал асуудлуудаа шийдэх гэх мэт.
Япон хэдийгээр Хятадтай харилцаагаа сайжруулсан ч ЗХУ-тай харилцах харилцаандаа сэв суулгахыг хүсээгүй учраас Хятадтай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсныхаа дараа буюу 10-н сард нь Гадаад Хэргийн Сайд Масаёоши Охираг Москвад айлчлуулан хятадтай ийм үр дүнд хүрснээ зөвөөр ойлгуулах гэсэн боловч Зөвлөлтийн эрх баригчид сэтгэл ханамжгүй байсан.
Үнэхээр, Хятад энэхүү тоглоомд 100% хувь ялалт байгуулж, гол нь Зөвлөлтөд том цохилт өгч, мөн Японтой худалдаа, иргэд харилцан зорчих, усан тээвэр болон загасны худалдааны гэсэн дөрвөн гол хэлэлцээрт хүрч 1975 оны 8 сарын 15-н гэхэд уван цуван гэрээнүүдэд гарын үсэг зуралцсан хэдий ч, энх тайван найрамдлын гэрээний `жанжлалын эсрэг` хэмээх зүйл дээр эсрэг байр суурь баримталсаар 1978 он хүрснийг доор дэлгэрүүлвэл:
1972 оны 9 сарын 29-нд хамтарсан мэдэгдлийг үзэглэхдээ л хоёр орны хоорондох харилцаа цаашид ямар ч саадгүй байхын үндэс болсон энх тайван, найрамдлын гэрээг байгуулах нь зүйтэй гэдэгт тохиролцон, 1974 оноос урьдчилсан хэлэлцээрүүдийг эхлүүлсэн ч шууд ЗХУ-ын эсрэг чиглэсэн `жанжлалын эсрэг` хэмээх зүйлийг Японы тал хүлээн зөвшөөрч чадахгүй байхад Хятадын зүгээс үүнд нь хариулахдаа `энэхүү зүйл бол тэгтлээ асуудал үүсгэхгүй яагаад гэвэл `жанжлалын эсрэг` гэдэг зүйл 1972 оны Япон-Хятадын хамтарсан мэдэгдэл болон мөн АНУ-Хятадын Шанхайн Тунхаглалд ч тусгагдсан` гэхэд Японы талаас гэрээ бол өөр асуудлаа л гэж хариулж байсан. Энэ тухай Зөвлөлтийн талаас ч бүхийл аргаар Японд ийм зүйл дээр нэг талыг баримталж найрсаг харилцаандаа сэв суулгахвий гэж удаа дараа сануулснаар улам ч хатуу байр суурь баримтлах болсон. Ингэсээр 1976 оны туршид бол хоёр улсын дотоод асуудлуудаас шалтгаалан энэ асуудал хойш тавигдаж байсан бол 1977 он гарсаар Тайваний талыг баримтлагч Ерөнхий Сайд Такео Фукуда мөн Зөвлөлттэй загасны худалдааны тал дээр хэлэлцээрт хүрэх замдаа явж байсан зэргээс Японы талаас дорвитой алхам хийхгүйгээр дараа оныг эхлүүлэн, харин 1978 оны 1 сард Фукуда Парламентдаа үүнийг шийдэх цаг нь болсныг мэдэгдсэнээр 2 сараас Бээжинд албан бус хэлэлцээр эхэлсэн ч 4 сард үүссэн Сенкаку (Дайоюу) арлын хэргээс үүдэн тасалдан, басхүү арлын асуудлыг хэлэлцээртээ оруулах гэсэн Японы шаардлагыг асуудал улам л сунжрахыг мэдэж байсан Хятадын тал хүлээн аваагүй юм. Сунжирсан хэлэлцээр 7 сарын 21-нээс 8 сарын 5-ны хооронд эрчимтэй үргэлжилсээр гэрээний гол бэрхшээл болсон `жанжлалын эсрэг` хэмээх зүйлээ элдвээр тайлбарласаар эцэстээ Японы Гадаад Хэргийн Сайд Сонода 8 сарын 8-нд Хятадад айлчилснаар эцэслэн шийдвэрлэгдэн, 10 сарын 18-ны өдөр Японы Парламентын хоёр танхим сайшааж, 23-ны өдөр хоёр талын төлөөлөгчид Токиод гэрээг харилцан солилцсоноор Энх Тайван, Найрамдлын Гэрээ байгуулагдсан түүхтэй.
Хэрхэн маргаантай асуудлаа шийдсэн гэдэг бас их сонин.
Японы тухайд:
1. Улс төрийн шалтгаан: энэхүү асуудлыг хурдан шийдэхийг ард түмэн болон эсрэг намууд шаардах болсон. Үүнийг хүлээн авахаас өөр замгүй Фукудагийн хувьд яагаад гэвэл энэ жил (1978) сонгууль болох байсан учраас нэр хүндээ сэргээж, байр сууриа бэхжүүлэх.
2. Эдийн засгийн шалтгаан: Америк болон Өрнөдийн худалдааны гол түншүүдээс нь хориг тавиад, тиймээс Хятад хэмээх том зах зээлийг түрүүлж эзлэх.
3. ЗХУ-тай газар нутгийн маргаантай асуудал: Хятадтай энэхүү гэрээг байгуулснаар 4 арлаа хялбар буцаагаад авчихаж магадгүй гэж горьдсон.
4. Амбиц: олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлж, нэр хүндээ өсгөх.
5. АНУ-ын ятгалга: энэ хоёр ийнхүү гэрээг байгуулснаар АНУ-Хятадын харилцаа бэхжих.
Хятадын хувьд:
1. Эдийн засгийн ашиг сонирхол: Японы хөрөнгө оруулалт, зээл тусламжийг их хэмжээгээр авч хурдан хөгжих.
2. ЗХУ-ын эсрэг: улс төрийн бас эдийн засгийн хувьд ганцаардуулах.
3. Олон улсын тавцанд нэр нөлөөгөө өсгөх.

Дээр дурдагдсан шалтгаануудаар 8 жил маргалдсан `жанжлалын эсрэг` хэмээх зүйлдээ зөвхөн `бусад бүс нутагт` хэмээх холбоо үгийг нэмэж өгснөөр л шийдэгдчихэж байгаа юм.
Сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс англи хувилбарыг нь орууллаа.
1972 оны хамтарсан мэдэгдэлд: The normalisation of relations between China and Japan is not directed against third countries. Neither of the two countries should seek hegemony in the Asia-Pacific region and each country is opposed to efforts by any other country or group of countries to establish such hegemony.`
1978 оны гэрээнд: The contracting Parties declare that neither of them should seek hegemony in the Asia-Pacific region or in any other region and that each is opposed to efforts by any other country or group of countries to establish such hegemony.
Гэрээг товчхон авч үзвэл:
Оршил, 5 зүйлээс бүрдэх бөгөөд оршил хэсэгтээ Ази тив цаашлаад дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах үүднээс хоёр орны энх тайванч, нөхөрсөг харилцааг хөгжүүлж улам бэхжүүлэх; зүйл 1-т: хоёр талын харилцаа Панчишилагийн таван зарчимд үндэслэх; 2-т: дээр дурдсан жанжлалын эсрэг; 3-т: хоёр талын эдийн засаг, соёлын харилцаагаа улам хөгжүүлж, хоёр орны иргэд солилцоог дэмжих; 4-т: ямар ч гуравдагч орны эсрэг чиглээгүй учраас бусад улстай харилцахад нөлөөлөхгүй; 5-т: гэрээг үзэглэж, харилцан солилцсоноор хүчин төгөлдөр болох бөгөөд 10 жилийн хугацаатай, гэрээний сунгах нөхцөл зэргийг тодруулж өгсөн.
Дээрх гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө Зөвлөлт Холбоот Улс л утгагүй зүйл хэмээн ганцаараа эсэргүүцэж, Японд эсэргүүцлээ илэрхийлэн Токиогоос Элчин Сайдаа эргүүлэн татах, япончуудад виз олгохоос татгалзах, загасны худалдааны хэлэлцээрээ таслах болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрс шүүмжлэх зэрэг гэрээг цуцлах бүхий л аргыг хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй. Үүнийхээ дараа хэт эсэргүүцэж байж Японы санааг эргүүлчихвий хэмээн болгоомжлон аядуу бодлого баримтлах болсон.

Үнэхээр л жанжлалын эсрэг хэмээн тусгасан анхны олон улсын хүчин төгөлдөр гэрээ болсон учраас ЗХУ-ыг ялж чадсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс төр, сэтгэлзүйн бэлгэ тэмдэг гэж хэлж болно.

Үргэлжлэл бий

3 comments:

  1. Hi, saihan bichsen baina shuu. Ulam ihiig busaddaa tugeegeerei. Amjilt
    Uuganaa-s

    ReplyDelete
  2. Сонирхолтой байлаа. Амжилт хүсэе.

    ReplyDelete
  3. Ашигласан материал ишлэл авсан зүйлээ бичээчээ

    ReplyDelete