Sunday, January 4, 2009

Их гүрнүүдийн харилцаа-2.1

Түрүүчийн бичлэгтээ олон улсын харилцааны гол тоглогчид болох Америк, Зөвлөлт, Япон болон Хятадын хувьд гарцаагүй л системийн дэг журамд өөрчлөлт оруулахаар тус тусын бэрхшээлтэй тулгараад байсныг товчхон дурдаад орхисон болохоор одоо жаахан дэлгэрүүлээд гол сэдэв рүүгээ оръё гэж бодлоо.
Тэгэхээр Хятадын тухайд бол бүр 50-аад оны сүүл үеэс л Их үсрэлт гэгчийн бүтэлгүй санаанаас шалтгаалан эдийн засаг нь доройтчихсоны улмаас Японы эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүртчих санаатай байдаг аргаа хэрэглэж байсан ч Либерал Ардчилсан намынхны санааг нэг л эргүүлж чадахгүй л байтал гол холбоотонтойгоо санаа зөрөлдсөөр 1969 онд зэвсэгт мөргөлдөөнд хүрчихсэн; Япон бол бас Америкийн нөлөөнөөс гарах, багтаамжтай шинэ зах зээл зэрэг зайлшгүй шаардлага байхад; АНУ-ын хувьд Вьетнамын дайныг нааштай шийдэж чадахгүй сунжруулсаар хэмээн олон нийтийн шийдвэр гаргагч нартаа итгэх итгэл алдарчихсан, дээр нь Японтой хийх худалдаа үргэлж алдагдалтай гараад; Зөвлөлт Холбоот Улсыг авч үзвэл гол холбоотон Хятадтайгаа харилцаа муудсан тул Японтой харилцаа гайгүй болсныг эс тооцвол бараг ганцаардах шинжтэй харагдах болсон.
Энэхүү байдлын шийдэлд Америкийн талаас анхны алхмыг хийсэн нь Ричард Никсон ерөнхийлөгчийн сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт Вьетнамын дайныг төгсгөнө гэж оруулснаар БНХАУ-тай харилцаагаа сайжруулахаас аргагүйд хүрсэн бөгөөд үүнийг ч Хятадын зүгээс соргогоор тусган авч хожим Пин-пон дипломат ажиллагаа хэмээн алдаршсан америкийн ширээний тэннесний багийг 1971 оны 4 сарын 11-17-ны өдрүүдэд Хятадад айлчлуулан, мөн оны 7 сард Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөх Хэнри Киссинжерийн нууц айлчлалыг амжилттай хийлгэн, дараа жил нь ерөнхийлөгч Ричард Никсоныг айлчлуулснаар Хятад үнэхээр оновчтой алхам хийж зөв тоглож чадсан.

Хэнри Киссинжерийн нууц айлчлал болон 1972 онд ерөнхийлөгч Ричард Никсон Хятадад айлчлахаар болсон хэмээх 1971 оны 7 сарын 15-ны мэдэгдэл Японы хувьд байж боломгүй зүйл байсан ч одоо бол нэгэнт АНУ-аас түрүүлж хөдлөх л цор ганц зам үлдсэн байсан ч Ерөнхий Сайдаар америк, тайваний талыг тууштай баримтлагч Эйсакү Сато байсан болохоор нэг л явцгүй.
Дээрх байдал ч ЗХУ-д Японтой улам ойртохгүй бол гэсэн сэдлийг өгснөөр 1972 онд Зөвлөлтийн Гадаад Хэргийн Сайд Андреи Громико Японд айлчилсан нь ЗХУ-ыг ганцаардуулах зорилготой байсан Хятадыг улам ч хурдан хөдлөх хэрэгтэй болгосон.
Японы тухайд бол угаасаа л Хятадтай хурдан хугацаанд харилцаагаа хэвийн болгох шаардлагатайг ард түмэн ч тэр, сөрөг намууд ч тэр дэмжиж байсан болохоор Эйсакү Сато огцрохоос аргагүй байдалтай болж, дараагийн ерөнхий сайдаар 1972 оны 7 сарын 7-ноос Какуэй Танака ажиллах болсноор асуудал шийдэгдэх зам засагдан, мөн оны 9 сарын 25-30-ны өдрүүдэд Хятадад төрийн айлчлал хийх явцдаа 29-ны өдөр есөн зүйлт Хамтарсан Мэдэгдэлд гарын үсэг зурснаар `хууль ёсны цор ганц Засгийн Газар бол БНХАУ-ын ЗГ, Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг` зэргийг хүлээн зөвшөөрснөөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтож, харилцан элчин сайдаа солилцох болсон. Гэхдээ хоёр талын дэндүү яарсан шийдвэрээс шалтгаалан газар нутгийн маргаантай асуудлаа авч үзэхийг хүсэлгүй хойш нь тавьсан. Мөн Хятадын байнга шахуу сөхдөг байсан Америк-Японы болон Япон-Тайваны аюулгүй байдлын буюу холбоотны гэрээний талаар дурдаагүйн учир нь ЗХУ-ын зүгээс ямар нэгэн түрэмгийлэл үйлдэгдвэл холбоотныхоо үүргээр тэд бүхэн туслах болно гэж хятадын эрх баригчид бодсон юм.

Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment