Saturday, January 3, 2009

Их гүрнүүдийн харилцаа-2

Ази тивийн хоёр их гүрэн Хятад, Япон нь Энх тайван, Найрамдлын Гэрээнд 1978 онд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосноор Япон улсын дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгөх хүртлээ Хятадын ард түмэнд учруулсан түрэмгийллийн хор хохирлыг цайрууллаа гэж үзсэн юм.
Тэгэхээр, 1978 онд энэхүү гэрээг хоёр тал санал нэгтэйгээр хүлээн зөвшөөртөл багагүй хугацаа шаардах саад тотгор байсныг товчхон авч үзвэл доорх болно.
Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс бууж өгснөө мэдэгдэн 1945 оны 9 сарын 8-ны өдөр бууж өгөх гэрээ, 1951 оны 9 сарын 8-нд Сан Францискогийн Энхийн Гэрээ хэмээн нэрлэгддэг Дэлхийн хоёрдугаар дайны Холбоотон гүрнүүд болон бусад улсуудтай Япон улс нь дайныг нэг мөр эцэс болгож буй гэрээ болон үүнтэй нэг зэрэг Америкийн Нэгдсэн Улстай Энх Тайвны гэрээ буюу Холбоотны гэрээг тус тус байгуулж, мөн Тайван дахь Бүгд Найрамдах Хятадын Засгийн Газартай АНУ-ын шахалтаар 1951 онд Энх Тайвны гэрээнд гарын үсэг зурснаар Хятадын талаас (эх газрын Хятад) сэтгэл дундуур бөгөөд байнга шүүмжлэл чулуудах болсны эх үүсвэр болсон юм. Тухайлбал; 1952 оны 5 сарын 5-нд Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Жоу Эньлай мэдэгдэхдээ `дээрх гэрээнүүд нь ямар ч баталгаагүй бөгөөд хүчин төгөлдөр бус, АНУ-Японы холбоотны гэрээ бол Японы миллитаризм дахин сэргэж, Хятад, Солонгос болон Азийн бүх ард түмэнд аюул занал учруулахын тод жишээ` хэмээж байсан. Нөгөөтэйгүүр эх газрын Хятад, Зөвлөлт Холбоот Улсын хооронд 1950 оны 2 сарын 14-ны өдөр Найрамдал, Харилцан туслалцах Холбоотны гэрээг байгуулчихсан байсан нь Японы талын үзэж буйгаар бол энэхүү гэрээ нь шууд л Японы эсрэг чиглэж байгаа учраас өөрийгөө хамгаалах чадваргүй энэ улс холбоотны гэрээндээ найдахаас өөрцгүй байсан.

1953-1957 оны хооронд Хятадын талаас - хоёр улсын харилцаагаа сайжруулах болон Японоос АНУ, Тайванийг холдуулахын тулд `ардын дипломат ажиллагаа`-г санаачилсан нь: 1957 оны төгсгөл гэхэд засгийн газрын бус хэлэлцээрүүд 30 гаруйг байгуулсан, хоёр ард түмний харилцан зорчсон байдал гэвэл:Хятадын талаас (ихэвчлэн жуулчид): 1954 - 10, 1955 - 112, 1956 - 142. Японы хувьд: 1954 - 100, 1955 - 847, 1956 - 1243, 1957 - 2000 гаруй.
Хятадад байсан 35000 Японы талын цэргийн гэмт хэрэгтнүүдийн 29000-г буцаасан.
Түүнчлэн, 1953 оны 9 сарын 28-нд Жоу Эньлай Японы Зөвлөхүүдийн Танхимын гишүүн Икүо Ояаматай уулзахдаа `Хятад Улс нь дэлхийн бүх улсуудтай дипломат харилцаа тогтоох хүсэлтэй, тэр дундаа Япон улстай` гэсэн бол 1955 онд Шинэ Делид хуралдсан Азийн орнуудын Бага Хуралд оролцсон Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Куо Мо-жо `Хятад, Япон хоёр улсын харилцаа хэвийн болоход бидний зүгээс шалтгаалах саад бол байхгүй, харин том бэрхшээл нь АНУ-ын бодлого байна.` Мөн 1955 оны 4 сард Бандунгийн Бага хуралд Жоу Эньлай оролцохдоо Энхээр зэрэгцэн Оршихын Таван Зарчим гэдгийг санаачилж, үүндээ Ази Африкийн улс орнуудыг тусгаар тогтнох болон ямар нэгэн гаднаас хараат бус байхыг уриалсан нь Япон руу шууд чиглээгүй ч нэгийг бодогдуулах гэсэн болов уу. Дээрхийн адилаар ихэвчлэн Хятадын талаас харилцаагаа сайжруулах санаачлагыг гаргаж байсан. Учир нь гэвэл Японы талд үзүүлэх АНУ-ын нөлөө болон удаа дараа Японы Засгийн Газрын шийдвэр гаргах түвшинд Либерал, Ардчилсан, Либерал Ардчилсан зэрэг Америкийн талыг баримтлагчид гарч ирж байсан юм.
Энэ явцдаа буюу 1956 оны 10 сарын 19-ний өдөр Ерөнхий Сайд Ичиро Хатояама `коммунист улстай дипломат харилцаа тогтоох нэг асуудал, түүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг өөр нэг асуудал` гэсэн хөөрхөөн тайлбар хийснээр Хятадаас түрүүлэн Зөвлөлт Холбоот Улстай дипломат харилцаа тогтоосон нь бас л их сонин үзэгдэл болов. Ийм шийдвэр гаргах болсон нь; Япон нэгэнт эдийн засгийн асуудлаа шийдэж чадсан болохоор одоо бол илүү олон улсын үйл хэрэгт оролцож нэр хүндээ өсгөхийг хүсэх болсон бөгөөд ингэхийн тулд Нэгдсэн Үндэсний Байгууллагад элсэх, элсэхийн тулд Аюулгүйн Зөвлөлийн Байнгын 5-ын нэг болох ЗХУ-ын саналыг авах нь чухал байлгүй яахав.

Үүнээс шалтгаалан Хятадын алхам улам эрс болсон хэдий ч 1957 оны 2 сараас Японы Ерөнхий Сайд АНУ, Тайванийг туйлшран дэмжигч Нобусукэ Киши болонгуутаа Тайвань, АНУ-д дараалан айлчлан, Вашингтон Д.С.-д мэдэгдэл хийхдээ `одоогоор бол Хятадтай улс төрийн харилцаагаа өргөтгөх бодолгүй байна` гэснээр, нөгөөтэйгүүр 1958 оны 5 сарын 2-нд Нагасакийн тугны хэрэг хэмээх үйл явдал болсноор бүх харилцаа тасарч Японы талын худалдаа бизнесийн алдагдал гэхэд л 650.000.000 иен болж, 40 япон иргэн буцаагдсан тоогүй хэрэг болсон ч Хятадын талаас харилцаагаа сайжруулах ямар нэгэн мэдэгдэл хийсээр л байсан. Тухайлбал: 1958 оны 8 сард Жоу Эньлай хоёр орны харилцаа сайжрах улс төрийн 3-н зарчмыг тодорхойлсон. Үүнд:
1. Хятадын эсрэг ямар нэгэн дайсагнасан бодлого баримтлахгүй байх;
2. БНХАУ-ын засгийн газар бол хууль ёсны цор ганц Засгийн Газар гэдгийг хүлээн зөвшөөрөх;

3. Хоёр улсын харилцаа хэвийн болоход саад учрахаар ямар нэгэн зүйл хийхгүй байх.
Гэтэл 1960 оны 1-р сард АНУ, Япон улсууд нь 1951 оны холбоотны гэрээгээ дахин авч үзсэнээр, 1961 оны 6-р сард Ерөнхий Сайд Хаяато Икэда АНУ-д айлчилснаар Хятадын зүгээс `Японы миллитаризм дахин сэргэж байна, цөмийн зэвсгийн асуудал Кэннэди, Икэда хоёрын хооронд яригдсан, Японы эдгээр үйлдлүүд бол Хятадад цаашлаад Азид том аюул учруулна гэдэг нь тодорхой` хэмээх шүүмжлэлүүд эрс ихэссэн. Ийнхүү хоёр орны улс төрийн харилцаа ээдрээтэй байсан хэдий ч аль алийнх нь зайлшгүй шаардлагаар Нагасакийн тугны хэргээс хойш худалдаа бизнес сэргэн, ардын дипломат ажиллагаа явагдаж л байсан . Жишээ нь: Японы талаас Хятадад зорчигчид 1961 онд 343, 1962 - 596, 1963 - 1778, 1964 - 2000 гаруй байж, 1963 оны 9 сарын 7-нд Японы түрэмгийллээс хойш анх удаа л Хятадаас 20000 тонн төмрийн хүдрийг Японд экспортлохоор тохиролцсон юм.
Үүний зэрэгцээ Зөвлөлт Холбоот Улс, Хятадын харилцааны үл ойлголцох байдал гүнзгийрч эхэлсэн. Энэ нь яах аргагүй Хятадын хувьд бол олон улсын тавцанд ганцаардах учраас бүхий л боломжит аргуудыг санаачилсны нэг нь ЗХУ, Японы хооронд эмзэг асуудал болох маргаантай дөрвөн арлуудын талаар хоёр орны харилцаанд яс хаясан өнгө аястай мэдэгдэл хийх болсон. Энэ нь: 1964 оны 7 сарын 10-нд Жоу Эньлай `Кунашири, Эторофү арлууд бол гарцаагүй Японых гэдгийг Хятад улс дэмждэг бөгөөд гэхдээ үүнийг өдөөн хатгасан хэмээн ойлгож болохгүй, зүгээр л чухал асуудлаа зөв шийдээсэй гэж хүссэн юм.` хэмээн мэдэгдэж байсан.
1964 оны 11 сарын 9-нд мөн л Америкийн талыг баримтлагч Эйсакү Сато ерөнхий сайд болсноор улс төрийн харилцаа тасарч байгаа юм. Үүний өмнөхөн 1964 оны 10 сард Хятад цөмийн зэвсгийн туршилт хийсэн нь Японд айдас төрүүлж холбоотондоо найдахаас аргагүйд хүргэсэн.
Жараад оны төгсгөл гэхэд бол олон улсын харилцаанд эрс өөрчлөлт орох тохироо бүрдчихээд байсан гэж хэлж болно. Юу гэхлээр; Хятадын соёлын хувьсгал, ЗХУ болон Хятадын харилцаа муудсаар 1969 оны хилийн мөргөлдөөн, Японы АНУ-тай хийх худалдаа америкийн талд алдагдалтай байсаар харилцаа хөндийрөх талдаа орсон болохоор багтаамжтай зах зээл шаардлагатай байсан, АНУ-ын тухайд Вьетнамын дайныг эцэслүүлж чадахгүйгээр ард түмнээсээ томоохон эсэргүүцэлтэй тулгараад байсан гэх мэтчилэн.


Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment