Tuesday, January 27, 2009

Япон, Хятадын харилцааны шийдэгдээгүй асуудал - 1

БНХАУ, Япон нь 1972 онд дипломат харилцаа тогтоон, 1978 онд Энх тайван, Найрамдлын гэрээ байгуулснаар хоёр улсын харилцаан дахь бүх асуудал шийдэгдлээ гэж үзсэн хэдий ч маргаантай асуудлуудаа хойч үедээ үлдээсний анхны илрэл болж 1982 оны зун анх түүхээ гуйвуулсан хэмээх сурах бичгийн асуудал гарч ирсэн юм. Энэ жил буюу 1982 онд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байсан учраас хоёр улсын иргэд түүхэн асуудалд эмзэг хандаж байсан.
Энэхүү сурах бичгийн маргаан гэдэг нь ямар учиртай гэхлээр:
Хятадын талаас дэлхийн хоёрдугаар дайны туршид хийсэн түрэмгийллээ гуйвуулж, сурах бичгээ гоёж чимсэн хэмээн Японы Боловсролын Яамыг эрс шүүмжлэн, 8 сард хийгдэх байсан Боловсролын Сайд Огавагийн айлчлалыг зогсоосон хэрэг юм.
Анх энэхүү маргааны үүсэл 6 сарын 26-нд хятадын нэгэн мэдээнд дурдагдан, 4 хоногийн дараа `японы сурах бичиг хятадын эсрэг хийсэн түрэмгийллээ гуйвуулан гоёж чимсэн байна.` хэмээн өдөр тутмын сонинд нийтлэгдээд л өнгөрсөн.
Энэ өдрөөс 7 сарын 19-н хүртэл дээрх байдлаар нийтэлснээс өөр байдал ажиглагдахгүйл байсан бол 20-ны өдрөөс эхлэн Японы Засгийн Газрын эсрэг эрс шүүмжлэх элдэв ажлыг эхлүүлсэн.
Дээрх байдалд хандан 7 сарын 28-нд Бээжинд суух Японы Элчин Сайд Ватанабэ `та бүхний түүхээ гуйвуулсан хэмээх шүүмжлэлийг хүлээн авсан` хэмээн мэдэгдэл хийсэн бол 29-нд Японы Засгийн Газрын санаатай зүйл огтхон ч биш бөгөөд энэхүү сурах бичгийг хувийн компани хэвлэсэн, ЗГ зөвхөн хөрөнгө оруулалт л хийсэн хэмээн мэдэгдсэн.
Харин хятадын талын эсэргүүцлийг Либерал Ардчилсан Намынхан дэндүү улсын дотоод хэрэгт оролцсон хэрэг хэмээн дургүйцсэн байр суурьтай байсан юм.
Хятадын талаас санал болгосны дагуу алдаагаа даруй засах талаар нэмэлт материал энэ тэр явуулж, Японы талаас ч хариуцлагатай байхаа амлан намдах тийшээ хандсаар эцсийн шийдвэр 9 сарын 8-нд Хятадын Гадаад Хэргийн Дэд Сайд Ву Ксуйкиан эцсийн тайлбарыг хийснээр шийдэгдсэн юм.
Энэхүү маргаантай холбогдон сонирхолтой асуудлууд тавигддаг. Үүнд:
1. Яагаад заавал энэхүү түүхийн асуудал хөндөгдсөн сурах бичиг дээр эрчимтэй төвлөрч эсэргүүцлийг илэрхийлсэн бэ?
2. Яагаад заавал 10 жилийн ой болон Ерөнхий Сайд айлчлах үеэр ийм хүчтэй хэл ам гаргах болсон бэ?
3. Яагаад заавал 19 хоног таг чиг байсны эцэст ширүүсэх болон Ерөнхий Сайд Сузуки айлчлахаар төлөвлөж байсан 9 сарын эхээр Японы Засгийн Газрын тайлбарыг хүлээн зөвшөөрөхөөр болсон бэ?
Тэхээр анхны хүчтэй эсэргүүцэл японы дэлхийн 2-р дайнд ялагдсан 8 сарын 15-ны өдрийн ойролцоо ширүүссэн, дашрамд хэлэхэд үүний зэрэгцээ өдөр тутмын сонинд дэлхийн 2-р дайны төгсгөлийг дурссан `Өнгөрснийг дурсах нь ирээдүйн багш` гэх аюултай өгүүллэг нийтлэх болсон. Дараагийн хүчтэй эсэргүүцэл гэвэл Япон дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсанаар Хятадад албан ёсоор бууж өгсөн 9 сарын 3-нд 2-дахь хүчтэй эсэргүүцэл эхэлж байгаа юм. Энэ өдөр бас нэгэн чухал нийтлэл гарсан нь `Хятад, Япон хоёр орны харилцааны үндсийг таслахад цэргийн хүч хэрэглэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй`.
Дээр дурдсаны дагуу бүхий л үйл ажиллагаа тодорхой төлөвлөгдсөн өнгөрсөн гашуун түүхтэй холбоотой цаг хугацааг сонгосон байсан бөгөөд нөгөөтэйгүүр сурах бичгийн асуудлыг энэ үед хурцаар авч үзсэн Хятадын байр суурийг дэлхийн дэг журам удахгүй өөрчлөгдөхийг харсан байдалтай холбон тайлбарлаж болно. Энэ нь; Хятадын Коммунист Намын 12-р Их Хурал 1982 оны 9 сарын 1-11-ний өдрүүдэд хуралдан, үүнд тавигдсан зарим нэгэн илтгэлээс Зөвлөлт Холбоот Улстай харилцаагаа сайжруулах сонирхолтой байгаа нь ажиглагддаг бөгөөд ингэж гадаад бодлоготоо эрс өөрчлөлт хийхийн тулд өрнөдийн империализм болон японы милитаризмийг эсэргүүцэж байгаа маягаар ард түмнийхээ сэтгэл зүйд нөлөөлөх нь чухал байсан.
Гэхдээ энэ байдлыг дүгнээд үзвэл японы талаас таагүй байдал илрэнгүүт л эмзэг цэг дээр нь дөрөөлж буулган авдаг хятадын ээлжит арга л байсан юм. Учир нь энэ үед японтой хийх гадаад худалдаандаа хятад жилээс жилд маш ихээр алдагдалтай хоцорч, цаашид ч өсөх хандлагатай байсан юм.
Япончуудаас энэ улсын иргэн болж төрсөндөө бахархдаг уу гэхэд 32% нь `үгүй` гэсэн хариулт өгсөн байгаа юм тиймээс өнгөрсөн түрэмгийллээ тэр чигээр нь хойч үеийнхнийхээ оюун ухаанд суулгахыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Хятад ч гэсэн цоо цэвэр ариухан биш учраас энэ хоёр улс түүхийн асуудал дээрээ хамтран шинжээч эрдэмтдийн багийг бүрэлдүүлэн аль аль талаа бодолцон асуудлыг шийдвэрлэх нь чухал.

No comments:

Post a Comment