Saturday, January 2, 2010

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдалд тулгамдаж буй асуудал

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдалд тулгамдаж буй цаашид тулгарч болох аюул гэвэл та нар юуг хамгийн түрүүнд нэрлэх вэ?
GansukhB @chimedee Оюуны хоосрол, эд мөнгө, харийхныг шүтэх үзэл... энэ хэдээс шалтгаалаад цаашаа бусад нь гарч ирнэ
Amidarnaa @chimedee Гадаадууд олноороо монгол орж ирэх нь үндэсний аюулгүй байдалд халтай.
Mandakh @chimedee Хүнсний аюулгүй байдал.
Та нарын үзэл бодолтой санал нийлж байна а.
Мөн өдий хүртлээ дуулж сонссон мэдсэн мэдээллүүддээ жаахан тунгаалт хийгээд жирийн л нэг оюутныхаа хэмжээнд бодож явдаг зүйлсээ бичихийг хүслээ. Түүнээс биш олон төрлийн судалгаа шинжилгээний материал дурдаад мэдэмхийрмээргүй байна. Гол нь ийнхүү санаагаа илэрхийлэх шийдвэр маань миний “ХУВЬ ХҮН”,өөрөө өөрийгөө мэдэх зарчмаас үүдэлтэй юм л даа. Хэнээс ч хараат бус тэнгэрт дүүлэх шувуу мэт эрх чөлөөтэй байна гэдэг бол миний бодлоор хамгийн чухал зүйл иргэн хүний хувьд ч мөн улс орны хэмжээнд ч тэр. 1990 оноос өмнөх байдлыг ардчиллын алтан хараацайнуудын нэг Монгол Улсын баатар Э.Бат-Үүл гуай ярихдаа “Зөвлөлтийн нөлөөнд 70-аад жил эрх чөлөөгүй байснаар бидний алдагдсан үе гэхдээ бүх зүйлс бараг л ирээдүйн амьдрал ажил нь хүртэл тов тодорхой байсан болохоор толгойгоо ачааллахгүй л бол хоосон хонох дүрэмтэй зах зээл ардчиллын өнөө үед хааяа тэр бэлэнчлэх үеэ дурсан санаад байдаг юм” гэж хошигнож байсан. Бид одоо энэхүү өндөрлөгөөс түүх рүүгээ эргэн хараад сайн,муу гэж хэлэх ч эрхгүй хүмүүс. Тухайн үед ямар ч сонголтгүй байсан. Харин азаар тохироо бүрдсэний улмаас ардчиллын салхи үлээснээр хувь хүний эрх чөлөө, чөлөөт нийгэм, ил тод байдал, өрсөлдөөнд зах зээл зэрэг дотооддоо,1992 онд УИХ-аас Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон 1994 онд “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”,”Гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг бодлогын түвшинд баталж гаргаснаар манай улс дэлхий дахинд нээлттэй, дэлхий дахин ч бидэнд нээлттэй болж гадааддаа, хамгийн гол нь, манай улсын үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа талаасаа урьд өмнөхөөсөө илүү бат бэх суурь, эрүүл саруул хөрстэй болсон явдал юм. Ийнхүү гадаад дотоод талаасаа ямар ч дарамт хавчлагагүй болсон өнөө цагт бидний аюулгүй байдалд тулгараад байгаа асуудал бол чадваргүйгээсээ болоод боловсролгүй ядуу байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар (2008) Монгол Улсын нийт хүн амын 35,2% нь ядуу, нэн ядуу амьдарч байна. Энэ хэмжээг 5 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол 0,8%-р л буурсан боловч нийт хүн амын хоорондох баян хоосны ялгаа нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан гэж байгаа. Бидний ихэнх нь ийм боломжгүйн улмаас л тэдний хүний дайтай амьдрах гэсэн хүсэл, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тэмүүлэл нь болох бүтэхгүй шийдвэрт хүргээд байна. Мөн нэг гишүүн хүний хэлснийг саналаа: “бид санаатайгаар алдаа гаргадаггүй юм ш дээ гол нь мэдэхгүйгээсээ санаандгүй алдаа маш их гаргадаг (80%), мэдлэггүйгээсээ л балардаг.”
Аз болоход манай орон уул уурхайн ашигт малтмалаар нэн баялаг. Урьдчилсан байдлаар хайгуул хийж, нөөц нь тодорхойлогдсон орд газар 600 гаруй байгаагаас УИХ-аас 2007 онд стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтыг батлахад эхний ээлжинд 15 орд энэ жагсаалтад багтан,цаашид ч ийм стратегийн ач холбогдолтой ордын тоо болон төрөл улам нэмэгдэх төлөвтэй гэсэн байх юм. Үүнээс урьдчилсан байдлаар 36 сая тонн зэс, 45 сая унц алтны нөөц бүхий, тэр нь улам нэмэгдэн баяжих төлөвтэй Оюутолгойн ордыг ашиглах гэрээг 6 жил дуншсаны эцэст 2009 онд багтаан баталлаа.Тус ордыг ашиглалтад оруулснаар урьдчилсан тооцоогоор улсын төсөвт жилдээ 1,5 тэрбум ам.долларын орлого орж, ДНБ 34,3 хувиар өсч, экспортын хэмжээ багаар бодоход хоёр дахин нэмэгдэж, шууд болон шууд бус ажлын байр 6000-10000-аар нэмэгдэх төлөвтэй гэж байгаа боловч ийм газар өөдтэй ажлыг нь хийх гэхэд шаардлагад нь нийцэх ажилчид олдохгүй учраас аргагүйн эрхэнд гадныхныг царай алдаж мөнгөөр зодно. Тиймээс санаснаар болдогсон бол гадаадад сурч боловсорсон бүх иргэдээ импортлоод, харин сурч мэдээд эргэн ирэх хүсэл зорилготой залуусыг экспортлох арга хэмжээг л түргэвчлэмээр.
Мэдлэг хичнээн их байна
Баялаг төчнөөн бага байна (Япон)
Мэдлэг хэдий чинээ бага байна
Баялаг төдий чинээ их байна (Монгол)

No comments:

Post a Comment