Wednesday, April 13, 2011

Өөрийгөө хурцлахуй

Өөрийгөө хурцлах гэдэг нь бие махбод, оюун ухаан, билиг чанар, нийгэм/сэтгэл санаа гэсэн бидний мөн чанарын дөрвөн царааг бүгдийг нь тогтмол, шат дараалан, ухаалаг, тэнцвэртэйгээр дасгалжуулна гэсэн үг гэнэ.
Дээрхи мөн чанаруудаа хөгжүүлэхийн тулд БОДЛОГОТОЙ БАЙХ нь хамгийн чухал.

БИЕ МАХБОДЫН ЦАРАА:
Бие махбодын цар хүрээнд зүй зохистой хоол хүнс идэж, хангалттай амарч тайвшрах, тогтмол дасгал хийх зэргээр биеэ зөв, үр дүнтэй тордох багтана. Дасгал бол нэг их яаралтай биш болохоор нь бидний ихэнх маань хийгээд байдаггүйн улмаас эрт орой хэзээ нэгэн цагт эрүүл мэндээ хойшлуулах аргагүй хямралт асуудалд оруулчихдаг. Ихэнхдээ бид дасгал хийх хангалттай цаг байхгүй байна гэж үздэг нь өрөөсгөл ойлголт юм. Жишээ нь: 7 хоногт 3-6 цаг буюу багаар бодоход өдөрт 30 минут гаргах тухай л ярьж байна. Цаана үлдсэн 7 хоногийн 162-165 цагт асар их ач тустай нөлөөлөхийг бодолцоод үзвэл энэ нь тийм ч их хугацаа биш байгаа биз!

БИЛГИЙН ЦАРАА:
Билгийн цараагаа сэргээх нь таны амьдралыг удирдлага, залууртай болгодог. Билгийн цараа бол таны цөм, төв, эрхэм үнэт зүйлсийн бүрдэлдээ үнэнч байхуй юм. Миний хувьд агуу их хүч энерги мэдрүүлсэн ном унших, хөгжмийн суут бүтээлд автан умбасан үедээ сэргэн, хүч чадлаа сэлбэж, төвлөрөн, үйлчлэн зүтгэх зориг маань сэлбэгдэн билгийн шинэчлэлтийг мэдэрдэг. Зарим хүн байгаль дэлхийтэй харьцахаараа ийм мэдрэмжийг авдаг зэрэг янз бүр л байдаг байх. Тэгээд ер нь хийж байгаа аливаа үйлдэл чинь зөвхөн өөрийгөө яаж бөөцийлөх талаар санаа тавьдаг биш харин эерэг зөв сэдэлтэй байх юм бол ямар ч асуудалгүй.

ОЮУН УХААНЫ ЦАРАА:
Бидний олонх нь оюун ухааны хөгжил, сурч боловсрох үйл ажиллагааг албан ёсны сургалтанд даатгадаг. Тэгээд сургалтын гадаад хэлбэр болох сургуулиа төгсмөгцөө оюун ухаанаа хатингаршуулчихдаг. Бид чухал, гүн гүнзгий утгатай ном уншихаа больж, ажил үйлийнхээ хүрээнээс хальсан шинэ сэдвийг сонирхон судалж, задлан шинжилж үзэхээ байж, ядахдаа шүүмжлэх биш өөрсдийн аливааг илэрхийлэх чадвараа зүгээр л сорих үүднээс тунгаасан, товч тодорхой зүйл бичихээ ч байдаг. Үүний оронд зурагт ширтэн хамаг цагаа өнгөрөөдөгдөө.
Оюун ухааныг сэргээн хөгжүүлдэг хамгийн чухал зүйл бол оюун ухааныг байнга хурцлан тэлдэг тасралтгүй байнгын боловсрол юм. Тухайлбал: мундаг сэтгэгч нарын ертөнцөд нэвтрэх гол түлхүүр болох сайн зохиолууд унших. Тэгээд ч бодлоготой хүмүүс өөрийгөө боловсруулах өчнөөн олон арга замыг олдог. Оюун ухааны ирээ хурцлах өөр нэг хүчирхэг арга бол БИЧИХ. Бодол, туршлага, зөн, ухаарлаараа өдрийн тэмдэглэл юмуу блог бичих нь оюун ухааныг тодорхой, цэгцтэй, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн хардаг болгодог.

НИЙГЭМ/СЭТГЭЛ САНААНЫ ЦАРАА:
Бусадтай харилцаж буй харилцаанд бидний сэтгэл санаа, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж зэрэг нь онцгой биш юмаа гэхэд үндсэндээ илрэн гардаг учраас нийгмийн болоод сэтгэл санааны цараанууд хоорондоо нягт холбоотой байдаг байна.

... Жорж Бернард Шоу нэгэн удаа ингэж хэлсэн удаатай:
"Агуу хэмээн хүлээн зөвшөөрсөн зорилгынхоо төлөө өөрийгөө зориулна гэдэг амьдралын жинхэнэ баяр баясгалан билээ. Энэ хорвоо намайг аз жаргалтай байлгахын төлөө байдгаа зориулахгүй байна хэмээн гомдоллон, өвчин зовлон, гуниг гансралд автаж, хувиа хичээн түгшиж явдаг өчүүхэн амьтан байхын оронд байгалийн хүч нь бол. Амьдрал маань бүхэлдээ нийгэм, олон нийтэд харьяалагддаг гэж би үздэг болохоор хорвоод тоос хөдөлгөж буй цагтаа үүний төлөө чадах бүхнээ хийх эрхээ эдэлнэ. Насан эцэслэхдээ би хамаг байдгаа шавхтал ашигласан байхыг хүсч байна. Хэдийчинээ бэрхийг бүтээнэ төдийчинээ би сайхан амьдарна. Амьдарч байгаагийнхаа төлөө баяснам. Миний хувьд амьдрал гэдэг зуурхан асаад унтрах зул биш. Гартаа барьж буй хэдэн хоромдоо аль болох хурц дүрэлзүүлээд ирээдүй хойчдоо дамжуулах гайхамшигт бамбар билээ."

Бидний мөн чанарын дөрвөн цар хүрээ болох бие махбод, оюун ухаан, нийгэм/сэтгэл, билгийн чадавхиа сэргээн шинэчлэхдээ тэнцвэрийг баримтлах хэрэгтэй. Алийг нь ч дангаар нь сэргээсэн амьдралд чамгүй чухал нөлөөтэй боловч дөрвөн царааг бүгдийг нь ухаалаг, тэнцвэртэйгээр сэргээхийн төлөө хичээх юм бол хамаагүй илүү үр ашигтай. Харин аль нэг царааг орхигдуулан үл ойшооход үлдсэн гуравт нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг санаарай.

Стивен Ковей "Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал, зан чанарын ёс зүйг сэргээх нь" номноос өөрт тусгаж авснаа та нартайгаа хуваалцахыг хүссэн юм болгооно уу.

No comments:

Post a Comment