Monday, May 31, 2010

"Гэнжийн туульс" буюу хүн төрөлхтний анхны роман

Хэдэн сарын өмнө Монгол-Япон төвийн номын санд хоёр өдөр дараалан сууж Японы үе үеийн эзэн хаадын ёс зүй, гоо зүй болон улс төрийн хэрэгцээг хангаж ширээний ном нь байсаар буй Мүрасаки Шикибү гээч 30 гаруйхан настай "ганц бие өрх толгойлсон" япон эмэгтэй зохиолчийн одоогоос 1000-аад жилийн өмнө бичигдсэн ч бүрэн бүтнээрээ өдий хүрч өчнөөн хэл дээр хэвлэгдсэний дотор 2009 онд О.Жаргалсайхан гуай тэргүүн дэвтрийг эх хэлнээ хөрвүүлж хүн төрөлхтний анхны романыг унших боломж олгосонд маш их талархаж байгаа.

Ерөнхий утга нь нэгэн хаан шивэгчиндээ маш хайртай болоод дундаас нь нэг хүү төрөөд, эх нь нас бардаг. Тэр хаан шивэгчин хоёрын хүү маш үзэсгэлэнтэй бөгөөд түүний амьдралд хандах хандлага, тэр баян тансаг дээд зиндаанаас хайр сэтгэл, бүсгүй хүний тухай нэгэн шөнө найзуудтайгаа ярилцаж буй нь сонирхолтой санагдсан учраас тэрхэн хэсгийг энд оруулмаар санагдсан юм. Мөн хайр сэтгэлтэйгээ учраад байгаа хөвгүүд, залуус нэг уншчихад хэрэгтэй роман байналээ.

*Хахакиги - гандирс, холоос харахад үзэсгэлэнтэй харагдавч ойртоод очиход үл үзэгдэх домгийн мод, сэтгэлтэй мэт санагдавч сэтгэлгүй хүнийг үүгээр адилтгах нь бий.

"Өлгөөд авахаар өөдтэй зүйл үгүй хүүхэн хийгээд өв тэгш сайн сайхан хүүхэн 2 адилхан ховор юм биш үү?"

- Бага зэрэг тоглоом наадмын үг унагаавал часхийсэн хариу хэлж, ухаалаг нямбай нь мэдэгдээд сонирхол татаад ирэх нь бас байдаг.
- Уян намбалаг, бүсгүй хүний шинжтэй гэж дүгнэсэн эмэгтэй хүн хэт зөөлөн, хайрын элдэв явдалд уруу татагдахдаа хялбар тул үерхэж байх зуур улам бүр өнгөний мөн чанар нь харагдаад ирнэ. Энэ бол эмэгтэй хүнийхээ хувьд эн тэргүүний дутагдал мөн бус уу?

- Эхнэрийн олон ажлын дундаас эгнэгт орхиж боломгүй хамгийн чухал нь эр нөхрөө халамжлахад байдаг билээ. Тийм атал дэмий л дотоод мэдрэмжиндээ хөтлөгдөж, өдөр тутмын аар саархан юман дээр ч шүлэг дуу хэлхэн сууж, өөрийн сонирхолдоо л хэт автан улайрч, хамаг цагаа барж суугаа хүүхэн орон гэрт ер байсан байгаагүй нь ялгаагүй мэт бодогдоно. ... За а гэр орноо сайтар авч явдаг л бол барав гээд үсээ гагц чихний ард хавчуулаад оо энгэсэг ч байхгүй, хээ шаагаа алдсан халамжит эхнэр бас амтгүй биз дээ!

- Сонирхолтой юм аа ч, бодитой ажил хэргийг ч бас яаж ийгээд даван гарах чадвартай байх ёстой, аминд тулсан юмыг ч олигтойхон хийчихэж чадахгүй байна гэдэг маш харамсалтай хэрэг бөгөөд бүсгүй хүн нэмэр тусаар маруухан байна гэдэг үнэндээ ихэд том сул тал мөнөөсөө мөн билээ.
"Ингээд бодохоор угсаа гарвал, царай зүс ч яамай байна.Базаахгүй зуршилтай, ааш араншин муутай л биш бол ухаалаг, хичээнгүй, тайван амгалан зантай бүсгүй хүн л үнэндээ эцсийн бөлөгт нэмэр тус болох юм гэж санаандаа бодож явъя. Хэрвээ түүнээс дээр ухаан бодол, санаа сэтгэлтэй байх аваас гар дэлгэн баярлан авч, бага зэргийн өө сэвийг нь ЗА ЯАХАВ хэмээн хэлтрүүлж, ихийг нэхэж шаардаад юу хийх вэ! Итгэл даах, элдэв хар хоргүй, намайгаа сэтгэл амар байлгах зан чанар харагдаж байвал өнгөн талын хайр сэтгэлийн явдал сэлт аяндаа сүүлд хуримтлагдаад ирдэг зүйл мөн билээ.

Юу ч тохиолдсон ямар ч аюулд унасан яаж ийгээд хамтдаа аюулыг сөрж даван туулдаг хосын л ханьсах заяа гүн, хайр сэтгэл нь хүчирхэг байх буй за.

Бас эр нөхрөө амраг хүүхэнтэй боллоо гэнгүүт л хүйтэн царайлан ширвэлзэх хүүхэн ч базаахгүй. Тайван амгалангаар хяхуу үгээ хаялж суух нь дээр, мөн наанаа эгдүүтэй атал нэгэн дууг газарт илгээж, нөгөө дууг тэнгэрт хядаан самчиж галзуурвал эр хүн нөгөө тийшээ эрхгүй одох бөлгөө. Зангидсан заяа задрахын цондон тэр болох буй за. Иймэрхүү зүйлийг ухаалаг эмэгтэй хүн бол дор нь ухаараад авна даа. Юу ч болсон эмэгтэй хүн гэдэг тайван амгалан хандаж, эр нөхрөө хардах сэрдэх үе гарсан ч БИ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ гэдгээ яаж ийгээд эвтэйхэн цухуйлган, хатуу хөтүүг хэлмээр үед ч өнгөндөө аядуу зөөлөн хэлж ярьж байвал эр нөхөр нь ч тийм бүсгүйн байр байдлыг хараад өрөвдөх сэтгэл нь дийлэх бус уу? Эр нөхрийн завхайрал гэдэг эхнэр хүнээр дамжин эмчлэгддэг эд юм. Эр хүн зууралдах тусам цаашилдаг.

...Хэд хэдэн эмэгтэйн дундаас сайн талыг нь авч муу талыг нь гээсэн мэт тийм эмэгтэй хаана байна вэ? Ер нь бий гэж үү дээ? Лхам бурхныг хайртай хүнээрээ сонголоо ч сургааль номлол айлдаад амар заяа үзүүлэхгүй зовоох болов уу, тэгэхээр арга алга даа.

БАЙГААГААРАА Л БАЙХ.

Эр хүний байр суурийг өөриймсөн төсөөлөх чадваргүй, зөвхөн өөрийн санаан зоргоор давшилж байх нь гүехэн гүймэг эм хүний ажил юмдаа гэж боддог.

No comments:

Post a Comment