Sunday, April 25, 2010

Ер нь ингэж шийдлээ.

Юу гэхлээр: хоёр алхам хойшилж нэг алхам урагшилж байна уу эсвэл нэг алхам хойшилж гурван алхам урагшилж байна уу гэдгийг хянах талбар нь өөрийнхөө юу хүссэнийг илэрхийлж, зөвхөн миний үзэл бодлын орон зай болдог блог маань байг. Тэгэхгүй бол энэ цаг хугацаанд юу дуулсан мэдсэн сурснаа эмхэлж дүгнэхгүй яваад байхаар нэг л шуурганд хөөгдсөн мэт эргээд харахад өчнөөн хайран эргэж ирэхгүй хором.

Мөн өнгөрсөн 7 хоногоо дүгнэхээр их зүйлсээр толгойгоо цэнэглэж чадсан бичих зүйлс нь барагдахгүй байвал үүнээсээ урам зориг орно нөгөөтэйгүүр шальтай хэрэг бүтээгээгүй бол өөртөө нэг хоёр сайхан ухаарлын шанаа өгч байгаад маргаашнаас нь л яралзаж өгөх бөгөөд бас миний ертөнцөөр ороод гардаг найзуудаасаа ч санаа зовохын эрхэнд өөрийгөө гарцаагүй шахалтанд оруулах шилдэг арга. /юм хийгээгүй байвал хайр найргүй шүүмжлээрэй/

Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ?
Даваа гарагт их гүрнүүдийн гадаад бодлого хичээл дээр оюутнуудын ярьсан илтгэлүүдээс Германы гадаад бодлогын шийдвэр гаргагчид болох канцлеруудын тухай мэдэж авлаа.
Тухайлбал:
1. Фашизмын эсрэг тэмцэгч Христийн Ардчилсан Намын Конрад Аденаур 73 настайдаа канцлераар сонгогдон, дайны дараахь Германы нэр хүнд эдийн засгийг хэрхэн сэргээх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж “БИ ГЕРМАНЫ төдийгүй ЕВРОПЫН ИРГЭН мөн” гэсэн алдарт үгээрээ их гүрний хүчирхэг бардам бус харин эв хамтын бодлого баримтлах болсноор Европын төдийгүй Америкийн хандлагыг өөрчилж одоогийн Европын Холбооны үндсийг ч тавьж чадсан хүн.
2. Остполитик гэдгээр алдартай Вилли Брандт хувь хүнийхээ тухайд их сонирхолтой юм билээ. 1918 онд эх орноосоо дүрвэн Норвегит очоод энэ нэрээ аван европын улсуудаар нэлээд явсны эцэст эргэн ирж улс төрийн ажлаа эхэлж зүүн рүү чиглэсэн бодлогыг баримталсан нь тухайн үеийн олон улсын харилцаанд чухал өөрчлөлт оруулах сэдлийг өгсөн мэт. Учир нь Герман тэргүүтэй Европын түншүүд нь ЗХУ-тай ойр дотно харьцах болсноор АНУын ерөнхийлөгч Никсоныг Вьетнамын дайныг зогсоох тухай амалж Японыг цочирдуулсан нууц айлчлалуудаар БНХАУ-тай харилцаагаа сайжруулсан.
Мөн түүнчлэн дараа дараагийн канцлерууд болох Шмидт, Хэлмонт Колл, Шройдарь, Анжела Меркель зэргийн тухай ярьсан ч дэлгэрүүлэх шаардлагатай л санагдсан.

4 сарын 20 буюу мягмар гаригт Монгол Улсаас Франц улсад сууж байсан ОББЭЭСайд асан Г. Луузан ахмад дипломатч ирж Франц улсаас ураны салбарт явуулж буй бодлого, дэлхийн ураны нөөц зэргийг хамруулан Монгол Улсын гадаад бодлогыг эдийн засагжуулах чиглэлтэй лекц уншсан бөгөөд хилийн дагуу Францын ашиг сонирхлыг оруулж ирсэн нь хоёр хөршөөсөө хараат бус байхад чухал ач холбогдолтой, мөн баялаг байгаа бол түүгээрээ хүнээ боловсруулахаар залуучуудынхаа толгойд юм хийсэн нь ирээдүйтэй.
Энэ сэдвээсээ хазайн Азийнхан архины хордуулалтыг эсэргүүцэх чадваргүй учраас шууд генд нь нөлөөлдөг хэмээн хор хохирлыг нухацтай хэлж бага шоудаж биеэ их зовоо гэдгийг учирлаж, өнөөг хүртэл монголчуудын удмын сан доройтсоор ирснийг XIII зууны их байлдан дагууллын үед сорууд нь гадагшаа их аян дайнд мордоод илүү таатай нөхцөлд уусч шингэн тэдгээр газруудынхаа хөгжлийн үндэс болсон байхад унхайгүй доройнууд нь үлдсэнээс яван явсаар өдий хүрсэн гэж сонин зүйлийг дурьдаадахсан.

4 сарын 21-нд Google Reader-ийн сургалтанд сууж гүнзгийрүүлсэн ойлголтыг авч чадсан бол 4 сарын 22-нд Эх Дэлхийн буюу Байгаль хамгаалах өдрийн 40 жилийн ой тохиосон өдөр Яруу Сэтгэгч сонины эрхлэгч, Хүний хөгжил төвийн тэргүүн Лука ахын төрсөн өдөр болж хамгийн анхны сонин содон оюунлаг тэмдэглэсэн төрсөн өдөр байсан. Яагаад гэхлээр би тэндээс гарахдаа өөрийгөө ажиглах хамгийн шилдэг арга болох өдрийн тэмдэглэл хөтлөхийн ач холбогдлыг, өөрийгөө хэзээ ч бүү хуур, бүх юманд чин сэтгэлээсээ хандаж хором бүрийг үр дүнтэйгээр өнгөрөөхийн чухлыг дахин өөртөө сануулсан. Бас залуучууд бидний үлгэр дуурайлал болсон Ж. Лувсандоржийн 100 найзынх нь нэг болсноор бусад оюунлаг найзуудаар нь танилын хүрээгээ тэлж чадсан нь давуу тал байсан.

4 сарын 23-нд Баасан гариг.
Дэлхийн Номын Өдрөөр @internom –ын мэдэгдсэний дагуу интерном орж Ц.Оюунгэрэлийн “залуучууд дэргэдээсээ ажлыг бий болго бүтээ амжилтанд хүр”, Өлзий-Отгоны “мэргэжлээ сонгохдоо тест бөглөх нь чухал болох”, “эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” номын орчуулагч Оюунжаргалын “эмэгтэй та чигээрээ яв” лекцнүүдээс мэддэг боловч анзаардгүй зүйлсээ сэргээж авсан. Мөн найзынхаа найз охинд хамт ном авалцсандаа баяртай байсан.

4 сарын 24-нд Бямба гариг.
Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас зохион байгуулагдсан “Ажлын байран дахь бэлгийн дарамт” сургалтанд сууж энэ чиглэлээрхи алхмуудыг ялган ойлгох чадвартай болж мөн сэргийлэх арга замуудыг ч олж мэдсэн нь чухал байсан бөгөөд 5 сарын 17-21-ний өдрүүдэд чухал арга хэмжээнд оролцохоор болсондоо баяртай байгаа.

4 сарын 25-ны Ням гариг буюу өнөөдөр Зөгий Жиргээ нэвтрүүлэгтээ очсон. Тэнд @mrBoki @ЗҮРХ @Batmunkh @Baatarscc @Xacaa Ононжаргал нартайгаа Ононгийн хийж ирсэн гайхалтай амттай кексийг идэнгээ нэвтрүүлгээ явуулангаа ширээний хөл бөмбөг тоглох гоё байсан. Мөн илүү олон хүмүүстэй харьцах тусам л бүх тал дээр туршлага суух нь мэдрэгдээл байх юм, ойлгож байна.
Тэнд байж байгаад “хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр 4-25” гэдгийг мэдэж аваад өндөр халуурах, дагжин чичрэх зэрэг нь энэ өвчний шинж тэмдэг, шумуулаар голчлон халдварладаг, Африкийн бараг бүх улс үүний өвчлөл ихтэйд ордог бол Европ, Хойд Америк, Азийн ихэнх улс тэр дундаа манайх өвчлөл байхгүй орнууд бөгөөд одоогоор энэ өвчний вакцин байхгүй учраас өвчлөлтэй орнууд руу ажил аялалаар явах бол заавал сэргийлэх тарилга хийлгэх нь марташгүй зүйл болохыг мэдсэн. Амай африк тивээр аялж байхдаа Малавид энэ өвчнөөр аймшигтай хүнд байдалд ортлоо хүндэрч байсан юм билээ.

Нэвтрүүлгээ тараад 2.30-с даргаараа тодорхойлолт хийлгэж авах байсан тул ажил руугаа ирэх замдаа Төрийн Ордны хамгаалалтын хашааг сайн анзаарч харуулаас нь сониучирхан энэ дундуур ороод явмаар байна гэж асууж үзлээ. Үгүй л гэдийн байналээ тэгээд ч 2 хаалгыг нь том гээчийн цоожоор дөнгөлчихсөн.

Ажил дээрээ ирээд @iganzo –той хэлэлцэн нэг анкет бөглөж явуулсандаа баяртай байлаа. Бидний дараагийн хийх зүйлс амжилттай болж санаснаар сэтгэлчлэн бүтнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.

Ирээд гэрийнхэндээ цуйван хийж өгсөнд амттай болж үүнээс хойш цуйван идмээр санагдвал чамайг ирэхийг л хүлээж байна шүү гэсэнд урамшив.

Гэвч өнгөрсөн 7 хоногт ямар ч ном уншиж чадаагүйгээ дахин давтахгүй гэж өөртөө амалж байна.

Нэг долоо хоногт 2 ширхэг ном, мэргэжлийнхээ чиглэлийн цоо шинэ огт мэдэхгүй 5-аас доошгүй мэдлэгийг өөрийн болгох, ямар ч хамаагүй нэг дутагдлаа арилган давуу талаа өнгөлөх, бусдад буян болохгүй ч гай болохгүй, урвайж үрчийснээс инээж үрчий зэргийг нэн тэргүүнд тавихаар шийдээд байна.

1 comment:

  1. тэр өдөр баярласан шүү:-D

    бас чиний апдэйт яагаад харагдахгүй байна, засах гэж үзээдхэе.

    ReplyDelete