Thursday, February 26, 2009

Миний зорилгын эхний алхам тавигдсан

Миний багаасаа мөрөөдсөн зүйл маань л олон улсын харилцааны мэргэжлээр сурч, гадаад улсуудын хэл, соёл, түүх, ард түмнийг нь судалж, тэдний үндэсний ашиг сонирхлоо тусгасан гадаад бодлогыг нь зөв ойлгосноор Монгол Улстай харилцах харилцааг бүхийл түвшинд сайжруулах юмсан гэж бодсоор байдаг юм. Тийм ч учраас мөрөөдлийнхөө дагуу мөрөөдлөө зорилго болгож амьдралд хэрэгжүүлэхээр Олон Улсын Харилцааны Сургуульд элсэн орж, япон хэлийг сонгон суралцаж байгаад 2008 оны 9 сарын 8-нд оюутан солилцоогоор Их Наран улсад ирснээр - хэрвээ би туйлын зорилгоо Дэлхийн оргил цэг Жомолунгматай зүйрлэвэл энд ирсэн маань тэрхүү агуу Гималайн бэлд очсон шүү гэж өөрийгөө урамшуулмаар санагдлаа.

Энэхүү бичлэгийн учир нь тун удахгүй нутаг буцах шийдвэр гаргасан тул намайг ирж суралцахад гүн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ талархлаа илэрхийлэх ёстой учраас Аояама Гакуйн Их Сургуулийн Олон Улсын Солилцооны Төв болон тэтгэлэг олгосон Японы Оюутны Үйлчилгээний Байгууллага (JASSO) - д илгээсэн талархлын бичлэг юм.

Бага байхаасаа л Япон, Монголын түүхэн харилцааг шимтэн уншдаг байсан болохоор ном зохиол дээр бичигдсэнд тулгуурлан хоёр орны ард түмнүүдийн бие биендээ дотно элэгтэй ханддаг байдлыг ойлгосон ч далай тэнгисээр хүрээлэгдэн алслагдсан будааны соёлтой суугуул Япон ард түмэн, эх газрын нүүдэлчин гаралтай Монгол түмнээс соёл, зан заншил, сэтгэхүй, амьдралын хэв маяг болон бүхий л зүйлээрээ ялгаатай байдлыг тухайн нийгэмд нь очиж мэдрэх юмсан гэсэн хүсэл үргэлж толгойд минь эргэлддэг бөгөөд Японд очиж сурах арга замуудыг маш сайн судалж байсан болохоор энэхүү суралцах сайхан боломжийг олгосон Аояама Гакуйн Их Сургуулийнхаа Олон Улсын Солилцооны Төвийн бүх ажилчдад баярласан талархсанаа хамгийн эхэнд хэлэх ёстой. Мөн түүнчлэн Япон бол дэлхийд хоёрдугаарт бичигддэг өндөр хөгжилтэй орон, Токио бол амьдралын өртөг өндөртэйгөөрөө дэлхийд нэгдүгээрт ордог учраас хэдийгээр энд ирж сурах эрхийг туйлын баяртайгаар хүлээж авсан ч хөгжиж буй улсын иргэн миний хувьд санхүүгийн асуудал тулгарсан. Тухайн үед энэхүү хүнд асуудлыг шийдэж тэтгэлэг олгосон Японы Оюутны Үйлчилгээний Байгууллага (JASSO)-д `та бүхэн миний санхүүгийн асуудлыг шийдэж өгснөөр миний бие энэхүү мөнгөний асуудалд санаа зоволгүйгээр хичээлдээ бүх анхаарлаа хандуулах болон Япон улсын гайхамшигтай дурсгалт газруудаар явж их зүйлийг мэдэж сурч, Япон улс, Япончуудын сайхан сэтгэлийг мэдрүүлж, бараг явмааргүй болон дахин ирэх хүслийг төрүүлж өгсөнд үнэхээр их баярласан` гэж хэлмээр байна. Хэдийгээр миний япон хэлний мэдлэг тааруу байсан хэдий ч суралцах хугацаанд бэрхшээлтэй асуудал огт гарч байгаагүй, харин ч Аояама Гакуйн Их Сургуулийн багш нар нь чадварлаг, мэдлэгтэй хичээлээ хэрхэн заавал оюутнууддаа сонирхолтой байхыг маш сайн мэддэг учраас улам л хичээн суралцах хүсэл сонирхлыг төрүүлсээн. Энэхүү хугацаанд сургуулиас олон маш сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж солилцооны оюутнуудыг нийгэмтэйгээ улам ч танилцуулж байсан нь богинохон хугацаанд хурдан дасан зохицож, хэн бүхнийг Наритагаас хөөрөх агшинд нулимс унагахаас өөрцгүйд хүргэсэн болов уу...
Зургаан сарын хугацаа үнэхээр хурдан өнгөрсөн ч гэлээ Япончуудын тусархаг сайхан сэтгэл, ажилсаг нямбай байдал нь энэ сайхан арлын оронд заавал дахин эргэн ирж дутуугаа гүйцээж, тусалж дэмжсэн бүх хүмүүсийнхээ ачийг нь хариулахаар сайн үйлийг хийх хэрэгтэй гэдгийг ухамсарлуулж байна.
Би та бүхэнд өртэй... Заавал төлөх болно.

No comments:

Post a Comment