Tuesday, November 30, 2010

Сайхан номнууд уншаадахлаа


Бараг таван жилийн өмнө Спенсер Жонсоны "Миний бяслаг хаачив" номыг Интерномын дэлгүүрт зогсоогоороо уншин амтанд нь орж байснаас хойш тэгтлээ их шургуу уншиж байсангүй гэтэл эртээдхэн Бразилийн нэрт зохиолч Пауло Коэльогийн Алхимичийг уншаад, бүр дахин уншаадахлаа. Гайхалтай.., "Алхимич" нь хүн өөрийнхөө зорьсон мөрөөдсөндөө хүрэхээр явах юм бол зам зуурт хүссэнд нь хүргэх дохио тэмдгүүд хөтөлдөг бөгөөд тэдгээрийг зүрх сэтгэлээ сонсон зөв таньж даган хувь тавилангаараа амьдрах тухай юм. Уншиж байх явцад "чи аливаа зүйлийг хүсэх юм бол, хүслээ биелүүлэхэд чинь Орчлонт ертөнц тэр чигээрээ тусална гэдгийг ямагт санаж яв" гэж хэд хэд тааралдана. Тэгээд номны хавтсан дээрхи нүд их сонин санагдаад өнгөртөл доорхи номон дээр гарах төвд сүмүүд дээр байдаг гэх ер бусын нүд пирамид дотор байгаа мэтээр дүрсэлсэн шиг байна. Ингэхээр пирамидуудыг манай иргэншлийн хүмүүс бус харин агуу их сэтгэлийн энерги болон билгийн нүднийхээ хүчээр атлантчууд барьсан түүн дотор Хүн Төрөлхтний Генийн Санг хадгалах зорилготой самадид орсон эртний иргэншлийнхэн байгааг далдуур хэлсэн байж магадгүй.
Юутай ч амттай ном байна уншаад үзээрэй.

Оросын нүдний мэс засалч Эрнст Мулдашевийн "Хүн мичнээс үүсээгүй" номноос нүд сэтгэлийн толь гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгохоос эхлээд хүн төрөлхтний үүсэл тархалт, Төвд Гималайн бүс нутаг дахь нууц агуйнуудад самадид орсон лемур, атлант, аричууд хүн төрөлхтний генийн санг хадгалан /хэрвээ дэлхий сүйрвэл тэд нар гарч ирээд амьдралыг үргэлжлүүлэх/ оршиж байгаа зэрэг маш сонин зүйлсийг мэдэж аваад үнэхээр их гайхлаа. Тэгээд тийшээ аялах ч хүсэл төрөөд Энэтхэг явж бясалгал хийдэг нэг найз руугаа мэйлдээдэхсэн чинь дараа жил явж магадгүй гэнэ. Юутай ч энэ номноос товчлоно гэж байхгүй ч сүүлийн хэсэгт энэ эрдэмтний өгсөн зөвлөгөөг та бүхэндээ уламжилмаар санагдлаа.
...өглөө гадаа гарахдаа таарсан нэгнээ дулаахан харцаар шагнаж, таатай үг хэлэхийг хичээгээрэй. Хүмүүс тан руу зовлон жаргалаа ярин ирдэг болоход та өөрийгөө аз жаргалтайг мэдрэх болно. Үл ойлголцол болон муу муухайтай таарахдаа битгий бухимдаж, мууг муугаар хариулаарай. Ингэхгүй байх нь таны эрхэмсэг, бардам чанарыг илтгэх болно. Битгий хий хоосон номлогч болоорой. Ингэх нь утгагүй зүйл юм. Хөдөлмөр, үйл ажиллагаагаараа сайн сайхан тэртэй тэргүй муу муухайг ялан дийлнэ гэдгийг харуулаарай! Муу муухайтай тэмцэхгүйгээр яагаад ч хөгжихгүй. Сайн муугийн тэмцэл бол хүний мөн чанар юм гэдгийг ойлгоорой. Бусад хүмүүсийг муу муухай зүйл хийснийх нь төлөө эргэлзэлгүй шийтгэж байгаарай. Учир нь муу үйлийн төлөө хүнийг шийтгэх нь сайн хэрэг бөгөөд харин огт тоомсорлохгүй байх нь муу үйл юм. Өөрийн ухамсарт итгэж бай. Өөрийгөө ч хайрлахгүй шаргуу хөдөлмөрлө. Хүнийг өрөвд, хайрла, дурла...