Sunday, May 31, 2009

Юм ээлжтэй юм болов уу

Сонин юмаа хоёр хоногийн өмнөөс гэнэтхэн л "чи минь, чамайгаа ..." гэсэн урьд өмнө нь сонсож байгаагүйл нялуун үгтэй мессеж сунжраад намайг чинь сонин болгодог байгаа. Эхэндээ ч хэн нэгэн нь л тоглож байгаа биз санаад хамгийн түрүүнд нэрийг нь мэдэх гэсэн боловч "намайг нэрээ хэлвэл чи уурлана л гэнэ, харьцахаа болчихно гэж айж байна л" гээд олон юм ярьж байна а, тэхээр нь найз эгчдээ хэлж байгаад дуу хоолойг нь сонсоод та нэг ямархуу хүн байгааг сонжоодох гэтэл дуртайяа тэр дор нь л "за залгалаа нэг баргилдуу дуутай эрэгтэй хүн байна" гэхээр нь за юу билээ гээл өнгөрсөндөө уулзаж учирснаа бүртгэдэг байгаа. Санаанд орохоор сүртэй харьцаатай гэхээр хэн ч орж ирдгүй ээ. Тэгээл орой нь ажлаа тараад харих замдаа "би одоогоор хэнтэй ч харьцах хүсэл сонирхол шаардлага ч алга байна даа эсвэл нэрээ хэлчих" гэтэл "тэгвэл хоёулаа зүгээр л найзууд болъё миний нэр С-ээр эхлээд э-р төгсдөг" гэсэн хариу ирж хэн байсныг нь мэдэж гэнэн томоогүй хүүхэд насны мартагдсан дуулийг сэргээдэг байгаа. Одоогоос бараг арваад жилийн өмнөх бас л нэгэн хүчтэй шохоорхолуудын нэг гэж хэлж болохоор зүйл л дээ. Шилжилтийн насанд үеийн хөвгүүд доожоогүй харагдаж санагдаал "ах" нарыг л шохоорхдог ш дээ. Тийм л үедээ ахынхаа найзад сайн болчихлоо гэж найзуудаасаа зөвлөгөө зэмлэлийг хослуулан авч байсан үедээ түүнд зориулж өдрийн тэмдэглэл бичсээр 10-р анги төгсөх хавраа өгч уншуулаад "сайн найзууд болъё" гээл салж байснаас хойш бараа царайгаа ч харалцаагүй ш дээ гэтэл гэнэтхэн доорхи үгнүүдийг "чамайгаа наддаа эргээд ирээсэй л гэж бодож байна чамайгаа дэргэд байсныг мэдсэнгүй ээ, гэхдээ хоёр биенээ ойлговол бүх зүйл сайхнаар эргэж болно ш дээ, би чамайгаа хэзээ ч гомдоохгүй ээ зөвөөр ойлгоорой, миний сэтгэл маш их өвдөж байна гэхдээ чиний сайхан сэтгэлийг эргэн харахгүй байж чадахгүй нь ээ би, яагаад ийм болж бүтэхгүй талаас нь яриад байгаа юм бэ дээ надад үнэхээр хэцүү байна, найз нь хүний нутагт их зүйл сурч маш ухаажиж ирсэн дээ хө чамайг бодох бүр хармаар санагдаад байх юм, Усан дунд зүүдлэж яваа ангир шиг уянгат намуухан бүсгүй чиний сайхныг алсхан зайнаас ажиглан суух үеэр амьдрал гэдэг сайхан юм аа, чамайг ирвэл сайхан сэтгэлээ онгойтол ярих юмсан санаж байна, яагаад таг болчоод байгаа юм бээ чамайг мессеж бичихээр маш их баярлаж байна, чи минь ганцхан минийх байгаасай зүрх минь өвдөж байна, гэх мэт мессежүүд хөвөрсөөр л байх юм. Миний сэтгэл тэр хүнийг гэж мэдэх үедээ ямар нэгэн догдлол огт байгаагүй болохоор тухайн үедээ түүнийг харж байсан байдал одоо бол тэс өөрчлөгдсөн бололтой.
Хэнийг ч үгүйсгэхийг боддоггүй, харьцуулахыг мөн, гомдоочихвий гэж боддог хэдий ч зайлшгүй үе гарах юм даа.
Цаг хугацаа бүхнийг харуулах болов уу.

Friday, May 22, 2009

In your opinion, Which country contains the Most Intelligent People in the World?

Түрүүхэн санаандгүй хэсэж яваад дэлхийн улс орнуудаас хамгийн ухаалаг иргэдтэй нь аль улс вэ? гэсэн багахан ч гэлээ чамгүй гаргалгаа дүгнэлт сайтай бичлэг уншлаа. Бичигчийн гаргасан санаа бол ихэнх хүмүүс оюуны илтгэцүүр(айкү-Францад анх үүсээд Герман, Америк болон хөгжингүй орнуудад хэрэглэгдэх болсон юм бна) гэсэн зүйлээр л ухаантай болон тэнэг хэмээн хүн төрөлхтнийг ангилах гээд байдаг нь учир дутагдалтай юм. Бас хаана, ямар нөхцөл орчинд амьдарч байгаа зэргээс өөр өөр шалгууруудаар ухаантай, ухаан муутайг нь шалгах нь зүйтэй. Жишээ нь, Харвардад магистр эзэмшсэн америк нөхөр Африкийн нэгэн тосгонд очоод дасан зохицож чадахгүй байвал ухаантай гэхэд хэцүү. Тиймээс ухаантан гэдэг бол товчоор оршин байгаа газар бүртээ өрсөлдөөнд хэрхэн амьд үлдэхээ мэддэг байхыг л хэлэх болов уу гэсэнтэй нь санал нийлж байна а. Хүмүүсийн үлдээсэн сэтгэлдлүүдээс нь сонирхуулахад дээрх зохиогчийн санааг ихэвчлэн дэмжсэн санал нийлсэн байхад зарим нь Америкчууд ухаалаг яагаад гэвэл тэдэнд бүх зүйл байгаа, мөн Энэтхэг, Марокко, Япончууд гэхчлэн бичсэн байсан.
Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл доорхи холбоос дээр дараарай.
http://loveadderall.wordpress.com/2007/08/25/which-country-contains-the-most-intelligent-people-in-the-world/
Дэлхийн хамгийн ухаантай 5 хүн.
1. Исаак Ньютон (1642-1727)
Английн физикч, математикч, философич тэрээр 1642 онд Англид төрсөн бөгөөд 1661 онд Кэмбрижийн Их сургуульд элсэн орсон. Эрдэмтэн маань Бүх ертөнцийн таталцлын хууль, орчин үеийн оптикийн судалгааны үндсийг тавьж, гэрлийн ойлтын зарчим дээр ажиллах анхны телескопыг бүтээн, математик анализийг үүсгэн хөгжүүлсэн зэрэг гайхалтай нээлтүүдээрээ номер нэгээр тодорч чадсан нь хоногт 2-3 цаг унтах нь л хангалттай гэж үздэг байсантай нь ч холбоотой байж магадгүй бөгөөд 85 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн юм.
2. Алберт Эйнштэйн (1879-1955)
Жүүд гаралтай германы физикч Алберт Эйнштэйн 1879 онд Германы Ульм хотод төрсөн бөгөөд герман, швецарийг дамжин бага дунд сургуулиа дүүргэн 1896 онд Швецарийн холбооний политехникийн сургуульд Физик Математикийн багш болохоор суран 1901 онд сургуулиа төгсөж Патентийн оффист туслах ажилтнаар ажилд оржээ. 1905 онд E=mc² томъёо бүхий Харьцангуй онолоо нээж 1921 онд Нобелийн шагнал хүртсэн. Энэхүү нээлт нь цөмийн эрчим хүчийг ашиглахын тайлал мөн аюулт зэвсгийн үндэс нь байсан болохоор Америк болон Израйль улсуудаас ирж ажиллах санал тавьж байсан байна. Тэрээр хоногт 10-11 цагийн нойрыг авдаг байсан бөгөөд 76 насандаа өөд болжээ.
“Мэддэггvйгээ мэддэг хvн харин мэддэггvйгээ мэддэггvй хvнийг бодоход бас мэддэг.”
Дэлхийн нэрт физикч Алберт Эйнштэйн
3. Чарльз Дарвин (1809-1882)
Английн натуралист, биологич Чарльз Дарвин 1809 оны 2 сарын 12-нд Англид төржээ. Сонирхуулахад АНУ-ын 16-дахь ерөнхийлөгч Абрахам Линкольнтой нэг өдөр мэндэлсэн юм байна. Эдинбүрг, Кэмбрижийн Их сургуулиудаар боловсорсон тэрээр биологийн төрөл зүйлийн олон янз байдал нь нэг буюу цөөн тооны өвгөөс байгалийн шалгарлаар хувьсан бий болж байна гэж нотолсон Эволюцийн онолоороо алдартай. Шөнө дөлөөр их сууж бага унтдаг байжээ.
4. Сократ (469-399)
Грекийн агуу гүн ухаантан Сократ МЭӨ 469 онд Афинд төрсөн. Зураач аав, эх баригч ээжээс мэндэлсэн суут ухаантан гэр орон нь тийм ч ядуу байгаагүй ч эд хөрөнгөө бусдад тараачихаад Афины театрт очихоороо л зөвхөн сандаль өмсдөгөөс биш үргэлж хөл нүцгэн, ноорхой хувцас өмсдөг, үргэлж цэц булаалдан мэтгэлцэж асуулт асуух хэлбэрээр аливаа зүйлийн тайллыг эрдэг, хэлэмгий доломгой их л сонин хүн байсан тэрээр ядуу байснаа доорхи сургаалиараа тайлбарласан байх. "Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга".
Өөрийгөө танин мэдэх, зан суртахууны хувьд төгөлдөржих явдлыг сайн үйл, харин оюуны хувьд сайжрахгүй "унтаж" дэмий цаг өнгөрөөх нь муу муухай зүйл гэж үзэж иргэдэд ямагт сургамжлан, ном хаялцдаг, аливаа зүйлийн сайн муу тал гэдэг нь харьцангуй ойлголт юм гэж үзсэнээр ёс зүйн нийтлэг тодорхойлолт хайн оюун ухааныг тэргүүн зэрэгт тавьж байсан нь философийн сэтгэлгээний түүхэнд агуу эрдэмтний байгуулсан гавьяа.
Сократын сургаалиуд нь үнэхээр гайхалтай.
  • Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.
  • Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.
  • Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян. Ийм сэтгэл хангалуун байдал төрөлхөөсөө баян сэтгэлтэйг нь гэрчилнэ.
  • Сэтгэлйиг анагаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй.
  • Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ, хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй

5. Леонардо Да Винчи (1452-1513 )

Италийн агуу зураач, математикч, инженер, зохион бүтээгч, уран барималчин, хөгжимчин, зураач гэх мэтчилэн төрөл бүрийн авъяас чадвартай тэрээр амьдарч байсан цаг хугацаанаасаа хэдэн зуунаар түрүүлж сэтгэсэн гайхалтай нээлтүүдийнхээ санааг гаргаж чадсан нь үнэхээр биширмээр. Зарим талаар энэхүү эрдэмтнийг нэлээн араар бас жагсаадаг юм билээ. Учир нь түүний нээлтүүд нь тухайн үедээ зөвхөн санаа байсан гэж үздэг. Хоногтоо 4 цаг тутам 15 минут унтаж амраад, тасралтгvй ажилладаг байжээ.

Thursday, May 14, 2009

Өөртөө санамж

Нартай мөртлөө бүүдгэр ч юм шиг, хаврын улирал боловч зун ч шиг хааяа бүүр өвөл шиг ааш аяг гаргадаг манай орны уур амьсгал нээрээ сонин шүү. Өнөөдөр хэмээх дахин давтагдахгүй хорвоогийн нэгэн өдөр мөн л дээрх өдрүүдийн нэгэн жишээ. Өглөө цаг агаарын мэдээ хальт сонсохноо маргаашнаас сэрүүснэ, уулархаг газраараа хур тунадастай л гэж байналээ. Энэ жил манай нутгаар малын хамар хатгах ямар ч өвсгүй мөртлөө байнга хавсарга нүдээд зун болж хүн малын нуруу тэнийнэ гэхэд хэцүү байна а хэмээн аав ээж минь тэгдэг болохоор тэнгэр муудна гэхээр л хот газрын бид нар ч яахав үргэлж бид нарын төлөө, бид нарыг худалдааны махаар байлгахгүй юмсан гэсэндээ хөдөө хэдэн малаа маллаж буй тэр хоёрыгоо л болгоомжтой байгаасай гэж боддог юм.
Өнөөдөр чинь 5 сарын 14-н ш дээ гээд эргээд бодсон чинь цаг хугацаа ямар хурдан өнгөрөө вэ э сарын, жилийн өмнөх явдлууд саяхан л юм шиг ...

Нээрээ тасралтгүй урсах элсэн цагийг зогсоож чадахгүй нь л мэдээжээс хойш хором бүрийг л үр бүтээлтэй өнгөрөөх нь л чухал гэж өөртөө нэг сайхан сануулан эрч хүчтэйгээр урагшилдаг хэдий ч байн байн ''хүүе..., хэлсэндээ шүү хө'' гэхгүй бол завгүй гэдэг нэрээр замхрахгээл байх юм.
Уг нь чи минь;
1. 12 сарын шалгалт хүртлээ өдөрт 10 шинэ ханз болон түүнтэйгээ холбогдуулан өгүүлбэр давтангаа дүрэм, шинэ үгээ цээжлээд явна.
2. 10 сард ТОЕФЛ өгөхийн тулд татсан номнуудаа өдөр бүр хийх.
3. Жолооны курсэд суух. гэж амласан ш дээ.
Ямар үйлийн үрээр ийм завгүй байх тавиланд төрсөн юм болоо гэж гомдож магадгүй тиймээс маргааш Баасангуудыг дашрамдуулан далимдуулж сайхан стрессээ тайлчихаад хуучин хэвэндээ орно о гэжүгаа.

Sunday, April 26, 2009

Хүссэн лекцээ сонслоо

Өнөөдрийн амралтын өдөр маш сайхан үр өгөөжтэй өнгөрч байгаад сэтгэл дүүрэн өөдрөг байгаа гэж. Өглөө орондоо хэвтэнгээ фм-ийн суваг сольтол 98,1 дээр 2 цагаас сүүлийн үед оюутан залуусыг байлдан дагуулаад буй хоёр залуугийн маань лекцтэй гэдэг юм байна. Хэд хоногийн өмнө UB Palace-д орж чадаагүйн улмаас буцаж байсан болохоор энэ удаа яалаа гэж энэ сайхан оюунлаг мэдээллийг сонсох боломжийг алдахыг хүснэ гэж хөнжлөөсөө суга үсрэн бостол 11 өнгөрч байна шүү ойрд ерөнхийдөө маш орой босдог болоод байгаагаа мэдсэн хэрнээ залруулж чадахгүй л унхиагүйтээд байгаа юм. Заа тэгээд 30 минутын өмнө яваад очлоо, намайг ороход хүмүүс нэлээ иржээ бас тасралтгүй уншсаар байгаа хэрнээ л. Үнэхээр сонсууштай болохоор л тэр ш дээ. Манай оюутан залуус үнэхээр шинэ мэдээлэл сонсож хөгжиж боловсрох юмсан, англи хэл сурах юмсан гэдгийг чин сэтгэлээсээ хүсдэг болжээ гэдгийг харах сайхан байлаа. Энэхүү сурах хүсэл тэмүүлэл нь цагаан атаархалтай хослон, сэтгэлгээ хандлага нь үргэлж эерэгээр байгаад, хүн бүхэн өөрсдийгөө хичээчих юм бол хөгжиж цөхөөд байх явдалгүй л байх шиг санагддийшдээ. Хүн бүр өөрсдийгөө хичээх гэдгийг зарим хүмүүс хувиа хичээх гэсэн утгаар буруу ойлгоол нээх “ийм хар амиа бодсон юм хол явахгүй ч” гэх шиг сонин юм яриад үзэж чаддаггүй байх шиг байдийн. Миний илэрхийлэх санаа бол “эгойзм” буюу хүн бүр дор бүрнээ хэний ч царайг харахгүй явбал тэдгээр хүмүүсээс бүрдэх нийгэмд дарамт учрахгүйгээр эргээд л нийгэм нь хөгжөөл ирэх боломжтой бөгөөд харин хүн хүндээ туслах сайхан сэтгэлийн үүднээс буяны үйлс байлгүй л яахав. Хөгжилтэй улсуудын баян чинээлэг хүмүүсийн бусад руу гараа сунгах үйлдлийг филонтропи гэж нэрлэдэг юм билээ. Тэд ч бас үнэхээр суръя, мэдье гэсэн хүсэлтэй тодорхой биелүүштэй зорилго төлөвлөгөөтэй хүмүүст гар татдаггүй юм шиг байлээ.
Би монголчуудыгаа хэтэрхий л баян хоосны ялгаа гарсан болохоос бүгдээрээ амьдралын боломжгүй гэж бодохгүй байна. Харин жинхэнэ утгаар нь филонтропчид болох цаг хэзээ ирэх бол л гэж боддийн.
За за хадуурхаа шахлаа. Хоёр залуугаас авсан гоё гоё санаануудаа бичих гэсэн юм ш дээ уг нь.
Бүгдээрээ Хатанбаатар шиг болчихвол ч ёстой сайхнаа тээ. Анх энэ залууг 12 сард байхаа “танайд хоноё” нэвтрүүлгээр яриаг нь сонсоод, тэр үед сургуулиудаар явж лекц уншина гэдгийг нь дуулаад хурдхан шиг хариад сонсох юмсан гэсэн хорхой хүрч байсан юм. Өнөөдөр л биеллээ оллоо. Түүний хэлсэн аливаа зүйлийг цээжлэх 7 арга:
1. Аливаа зүйлийг уншиж тогтоохоосоо өмнө сэтгэл санаагаа маш тайван тогтуун хэвийн байлгах.
2. Төсөөлөх
3. Зургаан мэдрэхүйгээ ашиглах
4. Хооронд нь ямар нэгэн байдлаар холбох нийлэмж ашиглах
5. Хогбогдуулан хошин хэтрүүлэг хэрэглэх
6. Аль болох өөрийгөө оролцуулах
7. Бодитой юм шиг амьдрал дээр хөдөлгөөнд оруулах.
Үүнийхээ дасгал болгон гинж цээжлэх аргыг ашиглан лемон, телевиз, бөмбөг, нүдний шил, шувуу, хана, гар утас, алим, хун, шонгийн мод, сандал, машин, бээлий, буу, сурагч, дугуй, муур, байшин гэх үгнүүд дээр дээрх аргыг хэрэглэн хоёрхон удаа л давтаад 5 цагийн дараа гэхэд хоёрхон үг л санахгүй байна гэдэг бол аргагүй л сайн арга байна шүү.
Дараагийнх нь хүний нэрийг цээжлэх арга:
1. Хүнтэй танилцаад нэрийг нь сайн сонсох, лавлаж асуух, бүүр хэцүү бол бичүүлж авах
2. Аливаа нэрийг ялгаварлан гадуурхаж болохгүй
3. Тухайн шинэ танилы чинь нэр дотны болон ойр дотны хэн нэгний нэртэй адил болон төстэй болохыг анзаарах
4. Үргэлж нэрээр нь хандах
5. Салалт гүйцэтгэхдээ нэрээр нь хандах.
Өөрөөр бас дотны хүнтэйгээ харьцуулах, утга агуулсан нэрийг утгаар нь, утга агуулаагүй нэр бол цээжлэх аргуудыг хэлсэн.
· Гадаад хэл сурахдаа үг цээжлэх аргачлал нь бас их таалагдсан. Үг цээжлэхдээ гадаад үгнийхээ дуудлагыг монгол үгээр илэрхийлэн түүнийгээ янз янзаар төсөөлөөл. Жишээ нь: 屋根―янэ дээвэр гэсэн япон үгийг “яана а” гэсэн монгол үгээр орлуулан явж байтал гэрийн чинь дээвэр нурчлаа гээл тэхээр нь яана а гээл сандарч байна гэх мэтчилэн.
· Утасны дугаар цээжлэхдээ цифрүүдээ үсгээр орлуулан үг бүтээгээд холбогдуулан төсөөлдөг мөн хөгжилтэй.
0- Т 3-Т, З 6-С 9- Б, Р
1- Н 4-Д, Ч 7- Г
2- Л 5- Х 8-В, Ц
· Фото түргэн уншлагын тухай гаргасан номыг нь авч уншиж лайтай уншдаг болох юмсан л гэж хүсч байна хэхэ. Санаж явбал бүтнэ дээ.
Шарк Даваахүүг сонсож элгээ таттал инээсэн. Түүний ярьснаас манайхан гадаадынхны бодлоор бол дуулсан нэгэнд нь хятад, морь унасан зэлүүд тал аятай төсөөлөгддөг, эхнэрийн урхи бага үз, цагаанаар атаарх гэх мэтчилэн ярьсан дурсамж болон илэрхийлсэн санаануудтай нь 100% санал нэг байлаа.
- Window shopping
- Who is your dad?
- It is raining like cats and dogs.
- Guchi guchi
Гэсэн хэлц сураадахлаа.
Түүний ярих урлаг гэсэн хэсгээс өөрийгөө зөв ойлгуулахдаа хэрхэн үг сонголт хийхийг хөгжилтэйгээр сонслоо.
Бас хүн бүхэнд ярьж өгөхийг хүссэн хандлагын тухай нэгэн яриа нь: хөргөгчинд түгжигдсэн нэгэн залуу за би ч одоо хөргөгчинд юм чинь хөлдөж үхсээн гэсээр байгаад залгаагүй байтал үхсэн азгүй сөрөг хандлагатны тухай.
Тэхээр найзууд минь хандлага гэж үнэхээр чухал шүү.
За ийнхүү тэр хоёрын ярианаас хаях зүйл байгаагүй болохоор сонсоогүй хүн үлдсэн заавал сонсоорой гэж хүсмээр байна.
Мөн амжилт хүсье.

Sunday, April 19, 2009

4 сарын 18

Өнгөрсөн сүүлийн гурав дөрвөн жилүүдээ эргэн бодоход үнэхээр маш хурдан мөртлөө дурсах дурсагдах зүйл ихтэйгээр ёстой л галзуу барын аманд нэг хийгээл нэг аваал гэдэг шиг л эрч хүчтэйгээр сайхан өнгөрөөжээ эдгээр өдрүүдээс хамгийн дурсгалтай нь бодоод байхнээ 4 сарын 18 хэмээх өдөр тодрох юм шиг санагдсан учраас яагаад чухал номенацид шалгарчихваа гэдгийгээ шударгаар бичсэн нь ер нь зүйтэй байх аа.
Одоогоос дөрвөн жилийн өмнөх буюу 2005 оны 4 сарын 18-ны өдөр анх удаа эгчийнхээ нулимсыг дуслуулан сургаалийн үгс сонсож байжээ. Яагаад гэхлээр би гэдэг хүн сургуулиа хаячихсан байсан тул хоёрдугаар семестр эхлэнгүүт гэрийнхэндээ мэдэгдэхгүйгээр дахин конкурс өгөхийн тулд Хүмүүнлэгийн дотуур байранд ороод шалгалтандаа бэлдхийнхээ хажуугаар ойр зуурынхаа хэрэглээний мөнгөө олохын тулд нэг рестаронд угаагчаар ажиллаж эхлээд байсан үе. Тэхэд юм гэдэг учиртай ч байх шиг тухайн үеийн тэр ажиллаж байсан газар япон эзэнтэй, зохион байгуулагч монгол эгч японоор ус цас шиг, орой 12 цагт тараад ажилчдаа нэг машиндаа суулган хүргэж өгдөг байсан бөгөөд явж байхдаа тэр хоёр японоор инээж хөхрөөл яриал байхад япон хэл сурах юмсан хэзээ эд нар шиг болох болдоо гэж бодож байсан шүү. Тийнхүү ажиллаж байхдаа өрөөнийхөндөө “би сургуулиа солих гээд дахин шалгалт өгнө харин одоо ажил хийж байгаа харин гэрийнхнээс хэн ч мэдээгүй, хэлж чадахгүйл байна, нэгмөсөн хэлэхгүй байж байгаал хүссэн сургуулийнхаа томилолтыг авчаал очих бодолтой” гэхээр тэд маань чи ёстой зоригтой өөртөө итгэлтэй байна шүү гэсэн дэмжих болгоомжлуулахын завсар сануулаал хэд хонож байтал нэг орой ажлаасаа иртэл Бямбаа эгч :
– яанаа баларсаан
- яасан?
- эгч чинь түрүүхэн ирээд чамтай уулзи гэхээр нь ам алдаад ажилдаа явчихсан гээд хэлцэн яанааа а
- тэгээд юү гэж байна?
- юун ажил гээл чамайг хурдан ирж уулз гэж байлээшдээ гэнгүүт л толгойд юү гэж хэлнээ гэсэн л асуулт зурсхийж байгаа юм л даа. Гэтэл маргааш өглөө эрт байрны жижүүр чамайг хүн дуудаж байна гээд гартал эгч майр ууртай зогсож байна а. Тэгээл сургаалиа айлдцандаа. Гэхдээ эгчийнхээ миний л төлөө гэсэн сэтгэлийг нь дусаж буй нулимс, хэлж буй үгнээс нь маш сайн ойлгосон учраас хэдийгээр өдөржингөө ажлаа хийн ядарч байсан ч тэглээ гээд надад алдах эрх байхгүй шүү гэдгээ далд ухамсартаа гүн бат суулгаж өгөн байнга өөртөө сануулж байсан учраас өглөө 5 гэхэд л босоод хичээлээ давтсаар амжилттайгаар хүссэн сургуульдаа орсондоо хүн үнэхээр хүссэн зүйл рүүгээ бүхийл зүрх сэтгэл оюун ухаанаараа тэмүүлж чадах л юм бол гарцаагүй авдаг юм шүү гэдгийг ойлгосон.
Гурван жилийн өмнөх 2006 оны 4 сарын 18-ны өдөр: тодхон үлдсэн дурсамж болохоор Богд ууланд гарч мод тарьж байсан. Магадгүй мод тарих нэрээр салхинд гарч спиртнийхээ дутагдлыг нөхөх зорилготой байсан гэхэд хилсдэхгүйдээ хэхэ. Анги бүрт оюутных нь тоогоор үндсүүдээ хуваагаад өгчихсөн учраас эхэндээ ч овоо үнэнчээр лаг л газраа хэмжээнд нь ухаал үрээ суулгаал булаал услаал явж байснаа сүүлдээ бушуухан дуусган найраа эхлэхийн тулд пармаалдах гээч болсондоо. Одоо нэг очиж үзэх юмсан яасан бол үнэнч суулгасанууд маань ургаа бол уу ...
Хоёр жилийн өмнөх 2007 оны 4 сарын 18-ны өдөр: Энэ өдөр миний хувьд үнэхээр маш сайхан гайхалтай өдөр болж өнгөрсөн юмдаг. Юу гэхлээр, 4 сарын 18 бол агуу эрдэмтэн, дипломатч Дүгэрсүрэн агсны хорвоод мэндэлсэн өдөр учраас энэхүү эрдэмтний 80 насны ойг нь Гадаад Хэргийн Яам, Олон Улсын Харилцааны Сургууль болон ар гэрийнхэн нь хамтран тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгээхэн хэсэгт нь “олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд энэхүү мэргэжлийг сонгосон учир шалтгаан” гэсэн ерөнхий сэдвийн доор эссе бичлэгийн уралдаан зарлагдан өчнөөн хоносон юм билээ. Яагаад ингэж хэлж байна гэхлээр шатаар буух бүрт л хоёр давхарт нэг хүний зурагтай А3-аас арай бага дээр нь юм бичсэн самбар харагддаг ч хүний урманд очиж сонирхох хүсэл төрөөгүй л явсан байх. Тэгээд нэг өдөр захирлын туслах Өнөрөө эгч төлбөрийнхөө үлдэгдлийг барагдуулах талаар дуудаад гээд ортол –төлбөрөө хэзээ гүйцээх үү?, - харин тиймээ, би шалгалтуудаасаа өмнө өгнө л гэж бодоол явна” гэтэл “эхний байр нь бүтэн жилийн сургалтын төлбөрийн шагналтай эссений уралдаан байгаа гэнгүүт нь гараад хартал сүүлчийн хугацаа нь өнөөдөр л дуусах болохоос сэдэв нь ч сэтгэлд багтаж байна шүү. Гэтэл Өнөрөө эгч: - хэрвээ чи бичнэ гэвэл одоо намайг явахаас өмнө авчирч өгч болно.
- Одоо цаг хэд?
- 4 болох гэж байна.
- Тийм үү, яана а, аа за за би одоохон.
Тэгээл дээшээ хар хурдаараа гүйж оронгуутаа л хоёр бичгийн цаас үзгээ аваал “ Хүн-өөдөө тэмүүлэхийн хэрээр өндөр болдог” гэсэн гарчгийн дор толгойд буусан бүхнээ л үгээр дүрслэн аваачаад өгтөл “зарлагдаад хэдэн сар болж байгаа уралдаанд ийм ноорог хураалгавал хүндлээгүй бөгөөд үл тоомсорлосон хэрэг болно байх тиймээс чи маргааш өглөө шивээд намайг ажилд ирэнгүүт оруулаад ир” гэхлээр нь баярласан гэж-тухтайхан унших завшаан олдсонд. Орой очоод шивэхэд засвар ч нээх байсангүй. Тэгээл өгчихсөн.
Харин энэхүү өдөр тухайн үйл ажиллагаатай холбогдуулан манай мэргэжлийн чиглэлийн хүмүүс ирж Дүгэрсүрэн гуайтай холбоотой дурсамж мөн чухал сонирхолтой сэдвүүдээр илтгэл яриа өрнүүлэх байсан учраас түүнийг сонсох зорилготойгоор очоод байтал эссений дүн зарлах мөчид 1-р байр “Хүн- өөдөө тэмүүлэхийн хэрээр өндөр болдог” гэж зарлах агшинд чихэндээ итгэхгүй ч байх шиг, үнэхээр сюрприз гэж л тийм мэдрэмж төрүүлдэг болов уу гэмээр. Тийнхүү хоёр цагийн бичлэгээрээ бүтэн жилийн төлбөрийн асуудлаа шийдэж чадсандаа өөрөөрөө хоёрдахь удаагаа бахархан, чи чин сэтгэлээсээ хүсэх л юм бол юуг ч хийж чадна хэмээн далд ухамсартаа дахин сануулсаан.
Нэг жилийн өмнөх 2008 оны 4 сарын 18-ны өдөр: Азийн Физикийн Есдүгээр Олимпиадыг Монгол Улс анх удаа зохион байгуулахаар болсны дагуу оролцогчид болох Казакстаны хүүхдүүдийг Чингис хаан онгоцны буудлаас тосч байсан өдөр. Би энэхүү олимпиадын туршид Вьетнамын багийн хөтчөөр явах үед маш хөгжилтэй зүйлүүд тохиолдсоноос цухас дурдвал: халуун орноос ирж байгаа юм болохоороо тийм хүйтэн гэж санаагүй байх бүгд сандаалтай ирчихсэн. Гэтэл бас энэ үеэр тэнгэр муухайраад л цас мас ороод л тавгүй л байсан ч тэдний хувьд анхны цасыг Монголд үзлээ гээл тоглож гүйгээл, Тэрэлжид дагтаршсан цасаар байлдаж энэтэр, болж авсандаа тэдний хувьд. Өөр нэг манай талаас нүүр улайсан зүйл гэвэл: Нээлтэн дээр Боловсролын Сайд байсан Болормааг англиар мэндчилгээ унших үед арайчдээ л гэж бодсон. Тэд оролцогч хүүхдүүд бүр шоолж дооглоод л ... аливаа юмны анхны сэтгэгдэл гэгч нь л гүн гүнзгий нөлөөлдөг учраас монгол улсын талаархи ойлголтгүй байсан тохиолдолд бол үнэхээр цаашдаа бодууштай л юм билээ. Ийнхүү 10 хоног үргэлжилсэн олимпиад Хятад улсын баг тэргүүлж, манайх дошин дээрээ хэдий ч ганцхан хүрэл авсан нь нөгөө нээх хамгийн ухаантай нь гээл гайхуулдаг цээжээ дэлддэг нь яасан бээ л гэж бодогдсон.
Энэ үеэр миний хувьд давхар баяртай мэдээ сонссон маань Оюутан солилцоогоор Япон явахаар болсон гэдгийг Гадаад Харилцааны Хэлтсээс мэдэгдсэн явдал.
2009 оны 4 сарын 18-ны өдөр: Бямба гараг бөгөөд тэнгэр хангай ч сайхан байсан болохоор гадуур жаахан алхан, Нарантуул ч ороотохсон. Ийнхүү элдвийг ажиглан явж байхад яагаад ч юм ихэвчлэн миний үзэл бодолтой зөрчилдсөн, ганцхан миний гэлтгүй хувь хүний эрх чөлөөнд аймшигтайгаар халдсан үйлдлүүд л ажиглагдаад өөрийн эрхгүй л духны хооронд үрчлээс суучихгээд хэцүү юм аа. Жишээ нь: замаар яаж, хэрхэн, хэзээ нь, хаагуур нь гарахаа ерөөсөө ойлгохгүй байна. Ногоон гэрэл асахыг хүлээж байгаад тайванхан шиг алхаад гарах гэхлээр машинууд нь цагаан шугамаа дайраал зогсох аядана (зогсож байгаа нь их юм), жолоочууд нь өөрсдөө явах зайгүй болгон зам хааж зогсчихоод элдвээр хэлж дуудан доромжлох, усаар шүрших, орилж цочоох гээл үнэхээр хэлэх үг олдмооргүй. Эгчтэйгээ явахлаар хөтлөөл гүйхгээд байдаг. Миний хувьд бол яагаад яагаад яагаад? би гэрлээрээ гарч байхад ямар нэгэн гэмтэл учруулвал хэний буруу байхыг үзмээр байдаг. Ийнхүү аль ч талаасаа араатан аятай болчихсон. Бас нэг дургүй хүрдэг зүйл гэхлээр: хүний бие болон аливаа зүйлд ямар ч хяналтгүй юм шиг хүрдэг, мөн ямар учиртайг мэдэхгүйч хөгшин залуу эр эм гэлтгүй хүнийг цоо ширтээл хардаг, хоорондоо ярилцдаг, инээдэг явдал. Миний баримталдаг зарчмаар бол тухайн бие хүн өөртөө л таалагдаал явж байгаа юм чинь түүний юу өмссөн зүүсэн нь ёстой хэнд ч падгүй л баймаар юм. Ийм сонин материаллаг өнгө харсан сэтгэхүйтэй учраас хэн нэгэнд таалагдах гэсэн хандлагатай, таалагдаж тал засахын эхний алхам нь өнгө зүс учраас энэхүү хэрэгцээгээ хангахын тулд хялбар аргаар мөнгө олох- залуу охид, залуусын энэ хүслийг нь ч уба, ажаа нар нь мэддэг болчихсон бололтой юм шиг монголчуудын сэтгэхүйд бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд жирийн найз гэдэг ойлголт байхгүй бололтой.
Хэдийгээр энэ жилийн энэ өдөр үзэл бодлын зөрчилдөөн дунд өнгөрөөсөн ч дараа дараагийн энэ өдрүүдэд маш сайхан гэгээлэг бичлэгтэй байна гэдэгтээ өөртөө итгэж байна.

Эрх чөлөө, дур зорог хоёрын ялгааг ойлгодог болоосой.

Friday, April 3, 2009

Яах вэ эээ ... яана даа,


Дөнгөж сая суваг булаацалдан байж нэг нэвтрүүлэг үзэх явцдаа бодогдсон зүйлээ магадгүй бухимдсан сэтгэлээ ил гаргахыг л хүссэн маань энэ.
Бараг бүх суваг дээр өдөр бүр солонгосын олон ангит кино гараад эдгээрт нь бүүр нэг автчихсан хөгшин залуугүй ам булаалдан яриад л, тэгээд ядаж байхад дараалан хоёр анги гараад дуусна гэж байхгүй.
Савангийн дуурь хэрхэн үүссэн талаар хэд хэдэн удаа сонсчоод байхад бүгд л сонсож цаад учир начрын нь ойлгосон л баймаар даа гэтэл мэдрэл муутай юм шиг үйл явдлаар сунжиралдсан савангийн дууриар өчнөөн хэрэгтэй мэдээлэл сонсох, маргаашдаа зөв алхам хийх хайран сайхан цагаа баран төчнөөн минут идэвхгүй өнгөрөөж буйг зөвхөн өөрийнхөө эргэн тойрныг ажиглан харамсч байна. Тэгээд түрүүхэн буюу 10-аас 11 цагийн хооронд (Пүрэв гарагийн орой) Монголын Үндэсний Телевизээр цацагдсан Хүний хөгжил ба Ардчилал нэртэй нээлттэй хэлэлцүүлгийг бидний үеийн залуусын хэдэн хувь нь сонссон болдоо гэх сонирхол төрж байна.
Нөгөө талаас би хүний эрхийн талаар нэвтрүүлэг үзэнгээ савангийн дууриа үзэх эгч дүүгийнхээ эрхийг бодитоор, энэхүү бичлэгээрээ дамжуулан бусдын эрхэнд хийсвэрээр халдсан хэдий ч үнэхээр дахин олдохгүй цагаа дэмий зүйлд битгий их урсгаасай гэсэн дээ л.., Хэрвээ диско баар яваад цагаа үрж байна энээ тэрээ гэж байгаа хүмүүстэй бол би хувьдаа санал нийлэхгүй, нийлдэг ч үгүй яагаад гэхлээр долоо хоногийн юм уу эсвэл сарын алжаалаа тайлаад орчноосоо тасрах мэт мэдрэмжээр зөвхөн тэр сайхан транседаа уусан бүжиглэхийн сайхныг одоохондоо өөр юутай ч зүйрлэж чадахгүй л явна. Тэгээд ч бас сонголтын л асуудал л даа. Гэхдээ өнөөдрийн сонголт өнгөрсөн дэхь алдаагаа давтаагүй бөгөөд маргааш болон ирээдүйд чинь эерэг л байвал болж гэсэн үг биш үү...
Эцсийн эцэст савангийн дуурь, чат нэртэй ... (юу гэж нэрлэхээ мэдэдгүй) гаргаж буйг буруутгах гэсэндээ бус угаасаа ямар иргэд байна тийм төр гэх зарчмаар л явагдаж байгаа хойно.

Thursday, February 26, 2009

Миний зорилгын эхний алхам тавигдсан

Миний багаасаа мөрөөдсөн зүйл маань л олон улсын харилцааны мэргэжлээр сурч, гадаад улсуудын хэл, соёл, түүх, ард түмнийг нь судалж, тэдний үндэсний ашиг сонирхлоо тусгасан гадаад бодлогыг нь зөв ойлгосноор Монгол Улстай харилцах харилцааг бүхийл түвшинд сайжруулах юмсан гэж бодсоор байдаг юм. Тийм ч учраас мөрөөдлийнхөө дагуу мөрөөдлөө зорилго болгож амьдралд хэрэгжүүлэхээр Олон Улсын Харилцааны Сургуульд элсэн орж, япон хэлийг сонгон суралцаж байгаад 2008 оны 9 сарын 8-нд оюутан солилцоогоор Их Наран улсад ирснээр - хэрвээ би туйлын зорилгоо Дэлхийн оргил цэг Жомолунгматай зүйрлэвэл энд ирсэн маань тэрхүү агуу Гималайн бэлд очсон шүү гэж өөрийгөө урамшуулмаар санагдлаа.

Энэхүү бичлэгийн учир нь тун удахгүй нутаг буцах шийдвэр гаргасан тул намайг ирж суралцахад гүн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ талархлаа илэрхийлэх ёстой учраас Аояама Гакуйн Их Сургуулийн Олон Улсын Солилцооны Төв болон тэтгэлэг олгосон Японы Оюутны Үйлчилгээний Байгууллага (JASSO) - д илгээсэн талархлын бичлэг юм.

Бага байхаасаа л Япон, Монголын түүхэн харилцааг шимтэн уншдаг байсан болохоор ном зохиол дээр бичигдсэнд тулгуурлан хоёр орны ард түмнүүдийн бие биендээ дотно элэгтэй ханддаг байдлыг ойлгосон ч далай тэнгисээр хүрээлэгдэн алслагдсан будааны соёлтой суугуул Япон ард түмэн, эх газрын нүүдэлчин гаралтай Монгол түмнээс соёл, зан заншил, сэтгэхүй, амьдралын хэв маяг болон бүхий л зүйлээрээ ялгаатай байдлыг тухайн нийгэмд нь очиж мэдрэх юмсан гэсэн хүсэл үргэлж толгойд минь эргэлддэг бөгөөд Японд очиж сурах арга замуудыг маш сайн судалж байсан болохоор энэхүү суралцах сайхан боломжийг олгосон Аояама Гакуйн Их Сургуулийнхаа Олон Улсын Солилцооны Төвийн бүх ажилчдад баярласан талархсанаа хамгийн эхэнд хэлэх ёстой. Мөн түүнчлэн Япон бол дэлхийд хоёрдугаарт бичигддэг өндөр хөгжилтэй орон, Токио бол амьдралын өртөг өндөртэйгөөрөө дэлхийд нэгдүгээрт ордог учраас хэдийгээр энд ирж сурах эрхийг туйлын баяртайгаар хүлээж авсан ч хөгжиж буй улсын иргэн миний хувьд санхүүгийн асуудал тулгарсан. Тухайн үед энэхүү хүнд асуудлыг шийдэж тэтгэлэг олгосон Японы Оюутны Үйлчилгээний Байгууллага (JASSO)-д `та бүхэн миний санхүүгийн асуудлыг шийдэж өгснөөр миний бие энэхүү мөнгөний асуудалд санаа зоволгүйгээр хичээлдээ бүх анхаарлаа хандуулах болон Япон улсын гайхамшигтай дурсгалт газруудаар явж их зүйлийг мэдэж сурч, Япон улс, Япончуудын сайхан сэтгэлийг мэдрүүлж, бараг явмааргүй болон дахин ирэх хүслийг төрүүлж өгсөнд үнэхээр их баярласан` гэж хэлмээр байна. Хэдийгээр миний япон хэлний мэдлэг тааруу байсан хэдий ч суралцах хугацаанд бэрхшээлтэй асуудал огт гарч байгаагүй, харин ч Аояама Гакуйн Их Сургуулийн багш нар нь чадварлаг, мэдлэгтэй хичээлээ хэрхэн заавал оюутнууддаа сонирхолтой байхыг маш сайн мэддэг учраас улам л хичээн суралцах хүсэл сонирхлыг төрүүлсээн. Энэхүү хугацаанд сургуулиас олон маш сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж солилцооны оюутнуудыг нийгэмтэйгээ улам ч танилцуулж байсан нь богинохон хугацаанд хурдан дасан зохицож, хэн бүхнийг Наритагаас хөөрөх агшинд нулимс унагахаас өөрцгүйд хүргэсэн болов уу...
Зургаан сарын хугацаа үнэхээр хурдан өнгөрсөн ч гэлээ Япончуудын тусархаг сайхан сэтгэл, ажилсаг нямбай байдал нь энэ сайхан арлын оронд заавал дахин эргэн ирж дутуугаа гүйцээж, тусалж дэмжсэн бүх хүмүүсийнхээ ачийг нь хариулахаар сайн үйлийг хийх хэрэгтэй гэдгийг ухамсарлуулж байна.
Би та бүхэнд өртэй... Заавал төлөх болно.